Дэлхийн томоохон компаниудын 64 хувь нь нүүрстөрөгчийн ялгарлаа тэглэх зорилтоо хэвээр хадгалжээ
- Геополитик, эдийн засгийн хүндрэл нэмэгдсэн ч дэлхийн улс орон, хот, бүс нутаг, компаниудын дийлэнх нь өмнө зарласан хүлэмжийн хийн ялгарлаа цэвэр дүнгээр тэглэх зорилтоосоо ухраагүйг “Net Zero…

Дэлхийн улс орнууд, хотууд болон томоохон компаниуд геополитик, эдийн засгийн хүндрэл нэмэгдсэн ч хүлэмжийн хийн ялгарлаа цэвэр дүнгээр тэглэх буюу "net zero" зорилтоо хэвээр хадгалсныг бие даасан судалгааны “Net Zero Tracker” байгууллагын шинэ тайлан харууллаа.
Тус байгууллага Туркт болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн COP31 бага хурлын өмнө дэлхийн 4,000 гаруй улс, бүс нутаг, хот, аж ахуйн нэгжийн уур амьсгалын зорилтод үнэлгээ хийсэн байна. Судалгаанд хамрагдсан байгууллага, засаг захиргааны нэгжүүдийн 47 хувь нь хүлэмжийн хийн ялгарлаа цэвэр дүнгээр тэглэх зорилт тогтоосон нь өмнөх оны түвшнээс өөрчлөгдөөгүй үзүүлэлт болжээ.
Судлаачдын онцолсноор судалгаанд оролцогчид сүүлийн нэг жилийн хугацаанд шинээр зорилт зарлаагүй ч өмнө нь өгсөн амлалтаасаа татгалзсан нь хомс байна.
Компаниуд зорилтоо хадгалаад зогсохгүй хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нэмэгдүүлжээ Судалгаанд хамрагдсан томоохон компаниудын 64 хувь нь цэвэр тэг ялгарлын зорилттой хэвээр байгаа бөгөөд энэ үзүүлэлт өмнөх оноос өөрчлөгдөөгүй байна. Эдгээр компанийн жилийн нийт орлого ойролцоогоор 40 их наяд ам.доллартай тэнцэж байгаа нь уур амьсгалын зорилт дэлхийн бизнесийн томоохон хэсгийг хамарсныг харуулж байна.
Харин зорилт дэвшүүлсэн компаниудын 78 хувь нь түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нийтэлж эхэлсэн нь өмнөх оны 69 хувиас 9 хувийн пунктээр өссөн үзүүлэлт юм.
Их Британийн “Energy and Climate Intelligence Unit” судалгааны байгууллагын Жон Лангийн мэдээлснээр Европын компаниуд уур амьсгалын зорилтын хэрэгжилтээр тэргүүлсэн хэвээр байгаа бол Хятадын компаниудын ахиц нэмэгджээ.
АНУ-ын Засгийн газар уур амьсгалын бодлогын зарим амлалтаасаа ухарсан ч тус улсын томоохон компаниудын 51 хувь нь цэвэр тэг ялгарлын зорилтоо хадгалсан байна. Энэ дүн нь өмнөх оны 52 хувиас ердөө нэг хувийн пунктээр буурсан үзүүлэлт юм.
Томоохон 384 компани ялгарлаа бууруулах зорилтгүй хэвээр байна Гэсэн хэдий ч уур амьсгалын зорилтын хэрэгжилт дэлхий даяар харилцан адилгүй байгааг тайланд анхааруулжээ.
Судалгаанд хамрагдсан дэлхийн томоохон компаниудын тавны нэг буюу 384 компани хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах ямар нэгэн зорилт тогтоогоогүй байна. Ялангуяа санхүүгийн салбар бусад салбартай харьцуулахад хоцрогдолтой байгааг судлаачид тогтоожээ.
Мөн орон нутгийн засаг захиргааны түвшинд томоохон зөрүү ажиглагдсан байна. Хотын захиргаануудын 28 хувь, муж болон бүс нутгийн удирдлагуудын 29 хувь нь цэвэр тэг ялгарлын зорилттой байгаа аж.
Хот, бүс нутгийн захиргаанууд тээвэр, эрчим хүч зэрэг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг тогтолцооны томоохон хэсгийг хариуцдаг учраас зорилт тогтоогоогүй нэгжүүдийн эзлэх хувь өндөр байгаа нь уур амьсгалын бодлогын чухал сул тал хэвээр байгааг тайланд дурджээ.
Судалгааны дүнгээс харахад дэлхийн томоохон компаниудын уур амьсгалын амлалт үндсэндээ тогтвортой байгаа ч шинэ зорилт дэвшүүлэх хурд саарч, компаниуд болон орон нутгийн засаг захиргааны хоорондын ялгаа арилаагүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





