Английн Төв банк бодлогын хүүгээ гурван жил гаруйн дараа анх удаа өсгөн, 4 хувьд хүргэлээ
Английн Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмэгдүүлж, 3.75 хувиас 4 хувьд хүргэсэн нь сүүлийн гурван жил гаруйн хугацаанд анхны өсөлт боллоо.

Английн Төв банк АНУ, Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй гэж үзэн бодлогын хүүгээ 3.75 хувиас 4 хувь болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр тус улсын бодлогын хүү сүүлийн гурван жил гаруйн хугацаанд анх удаа өссөн байна. Мөнгөний бодлогын хорооны есөн гишүүний найм нь хүүг 4 хувь болгохыг дэмжсэн бол нэг гишүүн 4.25 хувьд хүргэх санал гаргажээ. Ийнхүү хорооны бүх гишүүн бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн ч өсөлтийн хэмжээн дээр зөрүүтэй байр суурь илэрхийлсэн байна. Төв банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли хүүгийн өсөлтийг цаашид зайлшгүй үргэлжлэх олон удаагийн нэмэгдлийн эхлэл гэж ойлгож болохгүйг онцолсон. Гэхдээ Ойрх Дорнодын мөргөлдөөн шийдэгдэхгүй бол бодлогын хүүг цаашид дахин өсгөж магадгүйг тэмдэглэжээ.
Эрчим хүчний үнэ инфляцыг хөөрөгдөөд буй Их Британийн инфляц есдүгээр сард жилийн дүнгээр 3.5 хувьтай гарч, Английн Төв банкны 2 хувийн зорилтот түвшнээс хэдийн даваад буй. Шатахууны үнийн өсөлт инфляцад голлон нөлөөлсөн бөгөөд 2027 оны нэгдүгээр сараас олон сая өрхийн эрчим хүчний төлбөр нэмэгдэхээр байгаа аж. Газрын тосны ханш өсөх нь зөвхөн шатахууны үнээр хязгаарлагдахгүй. Тээвэрлэлт, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэхийн хэрээр хүнс болон өргөн хэрэглээний бусад барааны үнэд нөлөөлөх боломжтой. Гэхдээ Английн Төв банкны мэдээлснээр компаниуд нэмэгдсэн зардлаа хэрэглэгчдэд бүрэн шилжүүлж эхэлсэн гэх нотолгоо одоогоор хязгаарлагдмал байна. Зарим аж ахуйн нэгж барааны үнээ нэмэгдүүлэхийн оронд ашгийн хэмжээгээ бууруулж, зардлын өсөлтийг өөрсдөө шингээж байгаа аж.
Ипотекийн зээлийн өртөг нэмэгдэнэ Бодлогын хүү 4 хувьд хүрснээр хувьсах хүүтэй ипотекийн зээл, хэрэглээний зээл, кредит картын санхүүжилтийн өртөг нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Харин хадгаламж эзэмшигчдийн хувьд банкнууд хадгаламжийн хүүгээ өсгөвөл өгөөж нэмэгдэх боломжтой аж. Мөнгөний бодлогын хорооны гишүүн Клэр Ломбарделли ойрын хугацаанд ямарваа нэг шалтгааны улмаас бодлогын хүүг дахин нэмэгдүүлж магадгүй гэж үзсэн бол Меган Грин инфляц цалин, бараа үйлчилгээний үнэ болон хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлөхөөс шалтгаалан хүүг хэд хэдэн удаа өсгөж болзошгүйг дурджээ. Харин хорооны гишүүн Алан Тейлор энэ удаагийн шийдвэрийг эрсдэлийг бууруулах зорилготой, одоохондоо нэг удаагийн нэмэгдэл гэж тодорхойлсон байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





