БНХАУ-ын “Moonshot AI” АНУ-ын хязгаарлалтад орсон “Nvidia”-ийн чипийг Европоос ашиглах хэлэлцээ хийжээ
“Moonshot AI” компани Европын үүлэн үйлчилгээ үзүүлэгчдээс “Nvidia”-ийн 8,000-аас олон "Blackwell" график процессорын тооцоолох хүчин чадал түрээслэх боломжийг судалжээ.

БНХАУ-ын хиймэл оюуны загвар хөгжүүлэгч “Moonshot AI” компани АНУ-ын экспортын хязгаарлалтад хамаарах “Nvidia”-ийн дэвшилтэт "Blackwell" чипүүдийн тооцоолох хүчин чадлыг Европын өгөгдлийн төвүүдээс түрээслэх хэлэлцээ хийжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр тус компани Европ дахь төрөлжсөн үүлэн үйлчилгээ үзүүлэгчидтэй 8,000-аас олон график боловсруулах нэгж буюу GPU бүхий кластер ашиглах боломжийг хэлэлцсэн аж.
Эдгээр чипийг БНХАУ-д шууд нийлүүлэх нь АНУ-ын экспортын хяналтаар хязгаарлагддаг. Харин Европ дахь дата төвүүдэд байршуулсан чипүүдийн тооцоолох хүчин чадлыг алсаас түрээслэх нь өөр зохицуулалтад хамаардаг тул БНХАУ-ын компаниудад нэмэлт боломж бий болгож байна.
8,000 гаруй "Blackwell" чипийн хүчин чадлыг ашиглах сонирхолтой байна
“Moonshot AI” нь 2023 онд байгуулагдсан, “Kimi” хиймэл оюуны загваруудыг хөгжүүлдэг Бээжинд төвтэй компани юм. CNBC-ийн мэдээлснээр тус компани Европ дахь дата төвүүдийн тооцоолох хүчин чадлыг голчлон хиймэл оюуны загварын хариу боловсруулах, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхэд ашиглах сонирхолтой байгаа аж.
Мөн загвар сургахад зориулсан тооцоолох хүчин чадлыг түрээслэх боломжийг судалсан байна.
Тооцоолох хүчин чадлын эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор Европын зарим үйлчилгээ үзүүлэгч “Moonshot AI”-д БНХАУ-ын бус захиалагчдаас 30–50 хувиар өндөр урьдчилгаа төлбөрийн нөхцөл санал болгосон байна.
АНУ-ын экспортын хяналтын зохицуулалтад шинэ сорилт үүсч байна
АНУ-ын Засаг захиргаа “Nvidia”-ийн хамгийн дэвшилтэт чипүүдийг БНХАУ-д нийлүүлэхэд хязгаарлалт тогтоосон. Гэвч чипийг өөр улсын дата төвд байршуулж, тооцоолох хүчин чадлыг нь алсаас ашиглуулах асуудал одоогийн зохицуулалтын хүрээнд бүрэн шийдэгдээгүй байна.
2026 оны долоодугаар сард Цагаан ордон “Moonshot AI”-г Тайландад байрлах дата төвөөр дамжуулан "Blackwel"l чипийн хүчин чадалд алсаас нэвтэрсэн гэж мэдэгдэж байжээ.
Үүний дараа тус компани Европ дахь төвүүдээс нэмэлт хүчин чадал түрээслэх хэлэлцээ хийсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2026 оны нэгдүгээр сард хязгаарлалтад хамаарах тооцоолох хүчин чадалд гадаадаас алсаар нэвтрэх асуудлыг зохицуулах “Remote Access Security Act” хуулийн төслийг баталсан. Харин уг төсөл Сенатын шатанд эцэслэн батлагдаагүй байна.
Иймээс гадаадын үүлэн үйлчилгээ ашиглахтай холбоотой зохицуулалт цаашид чангарах эсэх нь технологийн компаниудын анхаарлын төвд байна.
Хиймэл оюуны өрсөлдөөнд тооцоолох хүчин чадал чухал хэвээр байна
БНХАУ-ын хиймэл оюуны компаниуд АНУ-ын өрсөлдөгчидтэй харьцуулахад харьцангуй бага зардлаар загвар хөгжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхийг зорьж байна.
Гэвч том хэмжээний загвар сургах, хэрэглэгчдийн хүсэлтэд хариу боловсруулахад өндөр хүчин чадалтай график процессор шаардлагатай хэвээр байгаа юм.
Иймээс “Moonshot AI” зэрэг компани гадаадын дата төвүүдээр дамжуулан тооцоолох хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж эрэлхийлж байгаа нь чипийн шууд худалдаанаас гадна үүлэн үйлчилгээний зах зээл АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөний чухал хэсэг болж байна.
Цаашид АНУ гадаадын өгөгдлийн төвүүдээр дамжуулан дэвшилтэт чипийн хүчин чадал ашиглах зохицуулалтыг чангатгавал үүлэн үйлчилгээ үзүүлэгчид, дата төвийн хөрөнгө оруулагчид болон хиймэл оюуны загвар хөгжүүлэгчдийн гэрээ, үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





