Нөмрөгийн түймрээс дайжсан амьтад БНХАУ-ын хил давжээ: Экосистемийг нөхөн сэргээхэд БНХАУ тусална
Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн улмаас зарим зэрлэг амьтан БНХАУ-ын хил даван дайжсан тохиолдол байгааг Байгаль орчны сайд мэдээлсэн. Түймэрт дархан цаазат газрын 79.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн дараах экосистемийн нөхөн сэргээлтийн асуудлыг хэлэлцжээ.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан түймрийн улмаас тусгай хамгаалалттай газрын 79.8 хувь буюу 469 мянга орчим га талбай өртсөн.
Түймэр зэрлэг амьтдын амьдрах орчинд ноцтой нөлөөлж, зарим амьтан БНХАУ руу хил даван дайжсан тохиолдол бүртгэгджээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аравдугаар сарын 21-нд мэдээлэл хийхдээ зэрлэг амьтад түймэрт өртөөгүй үлдсэн 20 орчим хувийн нутагт төвлөрч, мөн хил даван дайжсан тохиолдлууд байгааг мэдэгдсэн юм.
БНХАУ-ын хэвлэлүүдэд хүрэн баавгай, голын халиу, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан түймрээс дайжин хил давсан талаар мэдээлжээ. Гэхдээ эдгээр амьтдын хэд нь хил давсан, хэдийг нь хамгаалалтад авсан талаарх нарийвчилсан тоо гараагүй байна.
Монгол-БНХАУ-ын талууд хамтарсан судалгаа хийх асуудлыг хэлэлцэв
Уулзалтын үеэр түймэрт өртсөн болон өртөөгүй хэсгийн экосистемийг харьцуулан судлах, хөрс, ургамлын бүрхэвч, зэрлэг амьтдад учирсан нөлөөллийг цогцоор нь үнэлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд БНХАУ-ын экосистем нөхөн сэргээх туршлага, аргачлалыг ашиглах, хоёр улсын судлаачид хамтарсан судалгаа хийх, урт хугацааны мониторингийн тогтолцоо бүрдүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Нөхөн сэргээлт хийхдээ эхлээд байгаль өөрөө нөхөн сэргэх боломжийг үнэлж, шаардлагатай тохиолдолд шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авах нь чухал гэж талууд үзжээ.
Түүнчлэн хоёр орны хамтарсан цөлжилттэй тэмцэх судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндсөн байна.
Түймэрт өртөөгүй хэсэгт зэрлэг амьтдын нягтаршил нэмэгджээ
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлсэн мэргэжлийн багийн мэдээлснээр галд өртөөгүй үлдсэн хэсэгт буга, хандгай, чоно болон бусад зэрлэг амьтдын нягтаршил нэмэгдсэн байна.
Амьтад харьцангуй бага талбайд төвлөрсөн нь идэш тэжээлийн хомсдол үүсэх, өвөлжилт хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар зэрлэг амьтдыг өвс, тэжээлээр хангах биотехникийн арга хэмжээнд 629 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.
Мөн уулзалтын үеэр хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах зорилгоор байгаль хамгаалагч, мэргэжлийн багуудыг сургаж бэлтгэх, зэрлэг амьтдын хөдөлгөөнийг хянах чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ.
Түймрийн хохирлын үнэлгээг энэ сарын 16-ны дотор гаргана
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна.
Салбарын яамны мэдээлснээр 50 гаруй албан хаагч, эрдэмтэн, судлаач оролцсон хээрийн судалгааг зохион байгуулж, хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, дээжлэлт болон лабораторийн шинжилгээнд үндэслэн хохирлыг үнэлж байгаа аж.
Урьдчилсан үнэлгээний дүнг арваннэгдүгээр сарын 16-ны дотор гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөжээ.
Монгол-БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд түймрийн дараах нөхөн сэргээлтээс гадна хил дамнасан зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны өөрчлөлтийг урт хугацаанд судлах асуудал чухал байр суурь эзэлж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





