Өдөр нь ажилдаа, шөнө нь бензиндээ
ОХУ нийлүүлэлтээ үргэлжлүүлж байгааг онцолсон ч Монголд шатахууны дараалал арилаагүй.

Өдөр нь ажлаа хийгээд, шөнө нь бензиндээ оочерлоно… Энэ бол өнөөдрийн монголчуудын амьдралын хэв маяг.
Гудамжаар нэг, сошиалаар дүүрэн бензин хайсан хүмүүс. Энэ тасалдал, урт дараалал хэзээ зүгээр болох, ер нь юунаас болоод байгааг гайхаж байтал Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков гэнэт "хэлд ор"-лоо.
Манай улс танайд шатахуунаа нийлүүлсээр байгаа, танайхны л зохион байгуулалтын асуудал гэсэн ухааны тайлбар өгсөн. Тодруулбал, агуулах савны хүрэлцээ, импортлогч компаниудын түгээлт, борлуулалтын зохион байгуулалтыг хэлсэн юм.
Манай газрын тосны бүтээгдэхүүний импортын 97 хувийг хангадаг улсын Элчин сайд ингэж хэлж байна. Энэ 97 хувь гэдэг нь салбарын яамны энэ оны дөрөвдүгээр сард мэдээлсэн тоо.
Гэхдээ энд нэг асуулт гарч ирнэ. Урьдын адил нийлүүлж байгаа юм бол яагаад урьдын адил хэвийн байхгүй байна вэ?
Өмнөх агуулах савнууд байж л байгаа. Дээрээс нь аравдугаар сарын сүүлд яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “хоёр, гурван компани” агуулах байгууламжаа ашиглалтад оруулж эхэлсэн гэж ярьж байсан.
Тэгэхээр сав огт нэмэгдээгүй биш, нэмэгдэж л байгаа юм байна. Харин тэр нэмсэн агуулахдаа бензин нөөцөлж чадахгүй байгаа юм уу, нөөцөлснөө түгээж чадахгүй байгаа юм уу?
Эсвэл автомашины тоо огцом өсчихөв үү?
Замын-Үүд дэх гаалийн газраас аравдугаар сарын 12-нд нийтэлсэн есөн сарын импортын мэдээг харлаа. Өнгөрсөн оны эхний есөн сард 77,992 суудлын автомашин импортолж байсан бол энэ онд 67,614 болжээ. Өөрөөр хэлбэл, 10,378 ширхэг буюу 13.3 хувиар буурсан байна. Гэхдээ импорт буурсан нь зам дээрх нийт машины тоо буурсан гэсэн үг биш.
Тэгээд яагаад балга бензин олох гэж өдөр шөнөгүй дугаарлах болов оо?
Хариуцсан салбарын сайдын тайлбар ч гол асуултаас эвтэйхэн бултаад өөр юм яриад явчихдаг манай улс төрчдийн танил тактик шиг л сонсогдоно. Бас ОХУ-д маш их баярлаж байгаагаа хэлж амжсан.
Яахав, энэ ч аргагүй л дээ. Орос өөрөө дайнтай, дотооддоо шатахууны хүндрэлтэй байгаа үедээ Монголд нийлүүлсээр байгааг үгүйсгэхгүй.
Үнэ тогтворжуулах гэрээг анх 2022 онд байгуулсан тухай мэдээлж, 2023 онд таван жилээр сунгасан гэж тухайн үеийн салбарын сайд хэлж байлаа. Гэхдээ гэрээний хугацаа, тогтмол үнийн нөхцөл хоёр чинь өөр юм байна. АИ-92-ыг тонн тутамд 705 ам.доллароор авч байсан ч үнийг дахин хэлэлцэх нөхцөл нь үүсэж, энэ оны долоодугаар сараас Оросын дотоодын биржийн үнэд суурилж авдаг болсон гэж Засгийн газар мэдээлсэн. Тэгэхээр “урьдын тогтмол үнээрээ л өгөөд байгаа” гэж ойлгож бас болохгүй нь.
Гэхдээ "Өгсөн, авсандаа өлзийтэй" гэдэг шиг Орост ч бас дайны үеийн эдийн засгаа авч явахад орлого хэрэгтэй. Монгол бензинээ авна, Орос борлуулалтын орлогоо олно. Худалдаа хийж байгаа хоёр тал шүү дээ.
Ядаж байхад нефтийн салбарт нь олон улсын хориг үйлчилж байна. Европын холбоо Оросын далайгаар тээвэрлэсэн түүхий тосны импортын хоригийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-наас, газрын тосны бүтээгдэхүүнийхийг 2023 оны хоёрдугаар сарын 5-наас хэрэгжүүлсэн. Эдгээрт тусгай чөлөөлөлтүүд бий. АНУ 2025 оны аравдугаар сарын 22-нд “Роснефть”, “Лукойл”-ыг хоригт оруулсан байна. Гэхдээ дэлхийн бүх улс Оростой харьцахаа больчихсон гэсэн үг биш. Худалдаа хийсээр байгаа улс орнууд бий.
Олон улсын нөхцөл байдал ч амаргүй байгаа нь үнэн. Энэ оны хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын цэргүүд Ираны удирдлага болон цэргийн байгууламжуудыг онилон цохилт өгснөөр эхэлсэн мөргөлдөөн, Ираны хариу арга хэмжээ Ормузын хоолойн тээврийг ноцтой тасалдуулсан.
Мөргөлдөөн эхлэхийн өмнөхөн буюу хоёрдугаар сарын 27-нд Брент тосны спот үнэ баррель нь 71.32 ам.доллар байсан бол гуравдугаар сарын 30-нд 121.88 ам.доллар болсон. Сар гаруйн дотор бараг 71 хувийн өсөлт гэсэн үг. Харин дөрөвдүгээр сарын 30-нд Брент фьючерсийн ханш арилжааны явцад бүр 126.41 ам.долларт хүрч, тухайн үедээ 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд очиж байв.
АНУ-д гэхэд энгийн бензиний долоо хоногийн дундаж үнэ хоёрдугаар сарын 23-нд галлон нь 2.937 ам.доллар байсан бол гуравдугаар сарын 30-нд 3.990 ам.доллар болсон. Нэг галлон дээр нэг доллар гаруй буюу 35.9 хувийн нэмэгдэл. Арваннэгдүгээр сарын 2-ны мэдээллээр 4.153 ам.доллар байна.
За, дэлхийд ийм юм болжээ. Гэхдээ Монголд яг юу болоод бензин олоход эр бяр, танил тал шаарддаг хэцүүхэн ажил болчихов оо?
Гол нийлүүлэгч талаас нийлүүлэлтээ үргэлжлүүлж байгаа л гээд байна. Үүнийг онцолсон Элчин сайдын яриа цахим орчинд тараад сүйд хийж байна.
Сонсохоор “За, манайхан нээрээ л муу зохион байгуулж байгаа юм байна” гэж бодогдоно. Ковидын үед ямархуу зохион байгуулагчид болохыг нь яруу тодоор харсан хүмүүс байна даа. Энэ хэдийгээ ч мэдээд байгаа юм аа.
Энэ төрлийн бизнес эрхлэгчид ч “чоно борооноор” гэдгээр ахиухан орлого олох гэж нугалаа гаргаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөр. Гэхдээ үүнийг зохих байгууллагууд нь шалгаж, баримтаар тогтооно.
Харин А.Н.Евсиковын ярианаас өөр нэг болгоомжлол эрхгүй төрж байгаа юм. Хотын төвийн том ордондоо чимээгүйхэн аж төрж байсан мэт санагддаг элчин сайд гэнэт яриасаг болж, ойр ойрхон эмзэг цэг дээр хатгаад байгаа нь “Роснефть”-ийг оруулж ирэх санаархал юм биш биз?
Нэгэн ярилцлагадаа Роснефтийг Монголд оруулж ирэхийн тулд хууль эрх зүйн орчныг ч өөрчлөх шаардлага гарч магадгүй гэсэн яриа цухалзуулсан. Үүнийгээ батлах аятай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдтай уулзаад авчээ. Монгол Улсад 200-аад явуулын цистерн нийлүүлэх талаар яригдаж байгаа бололтой. ОХУ-ын хувьд томоохон ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхой болж байна.
Талуудын байр суурийг тэнцүү хүргэх зарчмаараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны пейжийг нэгжлээ. Миний хайсан бензиний “б”, шатахууны “ш” үсэг амархан харагдсангүй. Харин сайдын пейж бол цаг минутаар ажиллаж байна шүү.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 105 жилийн ойн баярын мэнд хүргээд, араас нь шатахууны нийлүүлэлтийн хүснэгт тавьсан байна.
Хүснэгтэд долоодугаар сарын хэрэглээг 100 мянган тонн гэж тооцож, ОХУ-аас 47,844 тонн АИ-92 импортолсныг тэмдэглэжээ. Наймдугаар сард 67,937 тонн импортолсон, хэрэглээ нь 90 мянган тонн. Есдүгээр сард хэрэглээ нь мөн 90 мянган тонн байхад ОХУ-аас 64,573 тонн импортолсон байна.
2026 он
ОХУ-аас импортолсон АИ-92
Хүснэгтэд дурдсан хэрэглээ
Зөрүү
Долоодугаар сар
47,844 тонн
100,000 тонн
−52,156 тонн
Наймдугаар сар
67,937 тонн
90,000 тонн
−22,063 тонн
Есдүгээр сар
64,573 тонн
90,000 тонн
−25,427 тонн
Нийт
180,354 тонн
280,000 тонн
−99,646 тонн
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын нийтэлсэн хүснэгт. Зөрүүг хүснэгтийн тоогоор тооцов.
Гэхдээ энэ бол зөвхөн ОХУ-аас авсан хэмжээ. Бусад улсаас орж ирсэн бензин, өмнөх нөөцийн үлдэгдэл энд бүрэн харагдахгүй байгаа учраас энэ зөрүүг тэр чигээр нь улсын бодит хомсдол гэж нэрлэж болохгүй.
Харин “хэвийн нийлүүлж байгаа” гэдэг тайлбарын араас “хэрэглээнд хүрэлцэж байгаа юу” гэдэг асуулт урган гарч байна.
Хүснэгтийн доор Орос, Монголын үнийн зөрүүг татаастай холбон тайлбарлажээ. Орос дотоодын үнээ барихдаа үйлдвэрлэгчдэдээ төсвөөс нөхөн төлбөр олгодог механизмтай. Экспортлоод илүү орлого олох боломжтой үйлдвэрт дотоодын зах зээлдээ нийлүүлснийх нь төлөө нөхөн төлбөр өгдөг гэсэн үг. Тэр дэмжлэг Монголд экспортолж байгаа бензинд яг адилхан үйлчилнэ гэж ойлгож болохгүй.
Нөгөө талаар Монголд ямар ч дэмжлэг байхгүй гэвэл бас өрөөсгөл. Аравдугаар сарын үнийн өсөлтийн үед АИ-92-ын импортын гаалийн татвар тэг байсан. Энэ нь компанид бэлэн мөнгөөр татаас өгөөгүй ч хэрэглэгчийн үнэд нэмэгдэх татварыг төр авахгүй байгаа дэмжлэг юм.
Тэгэхээр хоёр улсын түгээгүүрийн үнийг шууд зэрэгцүүлээд дүгнэж болохгүй.
Харин сайд евро 92 бүх түгээгүүрт байхад иргэд яагаад энгийн АИ-92-т дугаарлаад байгааг хачирхсан. Үүнийг ойлгоход уг нь тийм ч хэцүү биш.
Жишээ нь Prius 20-ийн бензиний савны нэрлэсэн багтаамж 45 литр. Энгийн АИ-92 литр нь 2,590 төгрөг байхад 45 литрийг 116,550 төгрөгөөр авдаг байсан. Одоо “Шунхлай”-н зарласан 3,590 төгрөгийн үнээр тооцвол 161,550 төгрөг болно. Өмнөхөөсөө 45 мянган төгрөгөөр илүү.
Харин тэр дараалалгүй авч болно гээд байгаа Евро-92 нь “Шунхлай”-н жагсаалтад литр нь 5,600 төгрөг байна. Ижил 45 литрийг авахад 252 мянган төгрөг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энгийн АИ-92-ын оронд Евро-92 авахад 90,450 төгрөг нэмж төлөх нь.
Сонголт
Литрийн үнэ
45 литрийн зардал
АИ-92 — “Шунхлай”-н жагсаалтаар
3,590₮
161,550₮
Евро-5 АИ-92 — ижил салбарт
5,600₮
252,000₮
Үнийн зөрүү
+2,010₮
+90,450₮
“Шунхлай”-н албан сайтад 2026.11.06-нд шалгасан зарласан үнийг ашиглав.
“Оочергүйг нь авчих” гэж хэлэхэд амархан л даа. Харин өрхийн төсөвт ерэн мянган төгрөг гэдэг чинь зүгээр нэг тоо биш шүү дээ.
Тэгээд зөвхөн бензин үнэтэй болсон биш. Улсын жилийн инфляц өнгөрсөн оны есдүгээр сард 9 хувь байсан бол энэ оны есдүгээр сард 12.9 хувь болсон. Хүнсний бүлгийн үнэ жилийн дотор 20.8 хувиар нэмэгдсэн байна.
Хоол хүнсэндээ илүү мөнгө төлж байгаа айл бензиндээ бас илүүг гаргана. Тэгээд дахиад ерэн мянгыг нэмээд өгөх үү, хэдэн цаг дугаарлах уу гэдэг сонголттой тулж байгаа юм.
Тиймээс хүмүүс яагаад энгийн АИ-92-т дугаарлаад байгаа шалтгаан маш тодорхой.
Ер нь уг нь бид эртээ урьдын 2018 оны зургаадугаар сарын 22-нд нефтийн үйлдвэрийн шавыг Дорноговь аймгийн Алтанширээ суманд тавьчихсан. Гэхдээ нөгөө үлгэрт гардаг шиг “яваад л байж гэнэ, яваад л байж гэнэ” гэдэг шиг бариад л байгаа гэдэг. Хажууд нь хараад сууж байгаа биш, хэн мэдэх вэ. Шав тавьснаас хойш найман жил өнгөрсөн нь бол үнэн.
Харин саяхан Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилогдсон Б.Мөнхтамир Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзаж, үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар ярьсан мэдээ бол байна шүү.
Товчхондоо, үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулахад хоёр улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа гэжээ. Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, Монголын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангах боломжтой гэж яамны постод дурдсан байна.
Ковидын хүнд үед МИАТ-ын удирдлагад ажиллаж, дараа нь COP17-ын бэлтгэлийн үеэр байгаль орчны салбарт дэд сайд хийж байсан Мөнхтамирын дараагийн сорилт энэ нефтийн үйлдвэр болж байх шиг байна.
2028 он болтол гэхдээ зай ч байна, лай ч байна.
Тэр хүртэл өдөр нь ажлаа хийгээд, шөнө нь бензиндээ оочерлоод амьдраад байж дээ, хэдүүлээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





