Энэтхэг гадаадын хөрөнгө оруулагчдын 12.5 хувийн татварыг цуцлах санал гаргажээ
Гадаадын хөрөнгө оруулагчид оны эхээр Энэтхэгийн хувьцааны зах зээлээс 31 тэрбум орчим ам.долларын хөрөнгө татжээ. Есдүгээр сарын эцэст Бомбейн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны 14.

Энэтхэгийн Үнэт цаас, биржийн зөвлөл (SEBI) гадаад багцын хөрөнгө оруулагчдад ногдуулдаг урт хугацааны хөрөнгийн өсөлтийн татварыг цуцлахыг Засгийн газартаа санал болгосон байна.
Уг саналыг Энэтхэгийн хөрөнгийн зах зээлээс гадаадын хөрөнгө их хэмжээгээр гарч байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын татварын дараах өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Энэтхэгт жилээс дээш хугацаанд эзэмшсэн хувьцааны борлуулалтаас олсон, хуульд заасан нөхцөлийг хангасан урт хугацааны хөрөнгийн өсөлтийн орлогод 12.5 хувийн үндсэн татвар ногдуулдаг. Харин богино хугацааны хөрөнгийн өсөлтийн татварын үндсэн хувь хэмжээ 20 хувь юм. SEBI-ийн саналыг Энэтхэгийн Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчид 31 тэрбум ам.долларын хувьцаа худалджээ
“Reuters”-ийн мэдээлснээр гадаадын хөрөнгө оруулагчид энэ оны эхнээс Энэтхэгийн хувьцааны зах зээлд 31 тэрбум орчим ам.долларын цэвэр борлуулалт хийсэн байна.
Үүнтэй зэрэгцэн гадаад багцын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувь сүүлийн 15 орчим жилийн доод түвшинд хүрчээ.
“Mint” хэвлэлийн 5,638 компанийн мэдээлэлд үндэслэсэн тооцоогоор есдүгээр сарын эцэст Бомбейн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны 14.02 хувийг гадаад багцын хөрөнгө оруулагчид эзэмшиж байсан нь 2011 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм.
Энэтхэгийн хувьцааны зах зээлийн өгөөж мөн бусад хөгжиж буй зах зээлээс хоцорч байна. Арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар “Nifty 50” индекс сүүлийн хоёр жилд 4.8 хувиар буурсан бол “MSCI Emerging Markets” индекс мөн хугацаанд 40 хувиар өссөн байна.
Хувьцааны өндөр үнэлгээ, компаниудын ашгийн өсөлтийн талаарх болгоомжлол болон олон улсын хөрөнгө оруулалтын өгөөжийн зөрүү нь гадаадын хөрөнгийн урсгалд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг юм.
Сангийн сайд татварын асуудлыг эргэн харахаа мэдэгдэв
Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситараман арваннэгдүгээр сарын 2-нд хөрөнгө оруулагчдын татварын зохицуулалттай холбоотой саналыг авч үзэхээ мэдэгдсэн байна.
Тэрбээр Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад хөрөнгө оруулалт чухал болохыг онцолж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын аль алиных нь эрх ашгийг харгалзах шаардлагатайг дурджээ.
Ситараман өмнөх жилүүдэд татварын ижил зохицуулалт үйлчилж байх үед Энэтхэгийн зах зээлд гадаадын хөрөнгө их хэмжээгээр орж ирж байсныг сануулсан байна.
Энэ нь хөрөнгийн урсгалын өөрчлөлтийг зөвхөн татварын хувь хэмжээгээр тайлбарлах боломжгүйг харуулж байгаа юм.
Гэхдээ Сангийн сайд татварыг бууруулах эсвэл бүрэн цуцлах тухай амлалт өгөөгүй бөгөөд асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Татварын хөнгөлөлт хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх боломжтой
“Jefferies”-ийн шинжээчдийн үзэж буйгаар хөрөнгийн өсөлтийн татварыг бууруулбал Энэтхэгийн хувьцааны зах зээлийн гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх сонирхол нэмэгдэх боломжтой.
Харин IIFL-ийн тооцоогоор хөрөнгийн өсөлтийн татварыг цуцлах нь гадаадын хөрөнгө оруулагчдын өгөөжийг 2.3 нэгж хувиар нэмэгдүүлэх юм.
Гэхдээ татварын хөнгөлөлт нь хөрөнгийн урсгал шууд сэргэх баталгаа биш. Хөрөнгө оруулагчдын шийдвэрт компаниудын ашигт ажиллагаа, хувьцааны үнэлгээ, валютын ханшийн эрсдэл болон бусад зах зээлтэй харьцуулсан өгөөж үргэлжлэн нөлөөлнө.
SEBI мөн дотоодын хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх санал гаргажээ. Тодруулбал, нэг жилээс дээш хугацаанд эзэмшсэн сангийн хөрөнгө оруулалтаа зарж, өөр санд шилжүүлэх тохиолдолд уг үйлдлийг татвар ногдуулах борлуулалт гэж үзэхгүй байх зохицуулалтыг санал болгосон байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





