Уолл Стрийт Ардчилсан намын ялалтыг ялгаатай байдлаар хүлээн авч байна
АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Конгрессын хоёр танхимд олонх болсноор технологийн тэрбумтнуудын улс төрийн нөлөө болон хиймэл оюуны салбарын ирээдүйн талаар маргаан өрнөлөө.

АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болж, Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд Найрамдах нам хууль тогтоох байгууллага дахь хяналтаа алдаад буй. Сонгуулийн үр дүн улс төрийн томоохон хандивлагчдын дунд маргаан өрнүүлсэн ч хөрөнгө оруулагчид бодлогын огцом өөрчлөлт гарах боломж хумигдаж, улс төрийн тодорхойгүй байдал буурсныг эергээр хүлээн авав.
АНУ-ын аж үйлдвэрийн Dow Jones индекс лхагва гарагийн арилжаагаар 1,569.40 нэгжээр өсч, 53,356.12 нэгжид хаагдсан нь 2025 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт болов. Харин голлох S&P 500 индекс 7,688.62 нэгжийн түвшинд хаагдсан бол технологийн Nasdaq Composite индекс 25,736.51 нэгжид хүрчээ.
Илон Маскийн 474 сая ам.долларын улс төрийн хөрөнгө оруулалт Сонгуулийн үр дүн технологийн тэрбумтнуудын улс төрд зарцуулсан асар их хөрөнгийг анхаарлын төвд орууллаа.
Тухайлбал, "Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 2026 оны сонгуульд нийт 474 сая ам.долларын хандив өгсөн талаар CNBC сонгуулийн санхүүжилтийн баримтад үндэслэн мэдээлжээ. Үүнээс 224 сая ам.долларыг Техас мужид зарцуулсан ч түүний дэмжиж байсан Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид Сенат болон мужийн захирагчийн сонгуульд ялагдсан байна.
“Virgin Group”-ийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон технологийн бизнес эрхлэгчид болон хедж сангийн менежерүүд сонгуульд олон тэрбум ам.доллар зарцуулж байгааг шүүмжилж, сонгуулийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэхийг уриалжээ.
Үүний зэрэгцээ “LinkedIn”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Рид Хоффман мөн улс төр дэх хандив, санхүүжилтийн нөлөөг бууруулах шаардлагатай гэж мэдэгдсэн боловч өөрийнх нь Ардчилсан намд өгсөн хандив болон Маскийн Бүгд Найрамдах намд үзүүлсэн дэмжлэгийн талаар маргаан өрнөсөн байна.
Харин Ардчилсан намын томоохон хандивлагч Алекс Сорос сонгуулийн үр дүнг улс төрийн үе солигдсон чухал өөрчлөлт хэмээн үнэлжээ. Түүний гэр бүл Ардчилсан намтай холбоотой улс төрийн үйл ажиллагаанд ойролцоогоор 103 сая ам.доллар хандивласан байна.
Техасын сонгууль хиймэл оюуны дата төвүүдийн ирээдүйд нөлөөлөхөөр байна Сонгуулийн дараах хамгийн том эдийн засгийн эрсдэлийн нэг нь хиймэл оюуны дата төвийн бүтээн байгуулалт болж байна.
Тодруулбал, Техас мужийн захирагчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жина Инохоса Бүгд Найрамдах намын Грег Эбботтыг ялаад буй. Инохоса дата төвүүдийн ус, цахилгааны хэрэглээ болон орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг зохицуулсан хууль батлагдах хүртэл шинэ төслүүдийн зөвшөөрлийг түр зогсоох санал дэвшүүлсэн. Түүний энэхүү санал нь хиймэл оюуны хөрөнгө оруулалтын хэрэгжилт царцах вий гэсэн зах зээлийн болгоомжлолыг нэмэгдүүлж байгаа юм.
Техас нь АНУ-ын хиймэл оюуны дэд бүтцийн томоохон төвүүдийн нэг бөгөөд “SemiAnalysis”-ийн тооцооллоор 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн АНУ-ын шинэ дата төвийн хүчин чадлын 41 хувь тус мужид ногдож байна. Иймээс зөвшөөрлийн хязгаарлалт удаан үргэлжилбэл хөрөнгө оруулалтын төслүүдийн хугацаа хойшлох эрсдэлтэй юм.
“Pershing Square”-ийн үүсгэн байгуулагч Билл Акман хиймэл оюуны хөгжлийг удаашруулах нь АНУ-ын технологийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан бол тэрбумтан хөрөнгө оруулагч Чамат Палихапития дата төвийн бүтээн байгуулалтыг сааруулах нь хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтад ноцтой эрсдэл үүсгэнэ гэж үзжээ.
Мөн “Altimeter Capital”-ийн гүйцэтгэх захирал Брэд Герстнерийн тооцооллоор улс төрийн өөрчлөлтийн улмаас 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байсан 10–15 гигаваттын дата төвийн хүчин чадал хойшилж болзошгүй байна. Харин Уолл Стритийн шинжээч Дэн Айвс АНУ-д төлөвлөсөн дата төвийн төслүүдийн 10 хувь нь хэрэгжихээргүй байгааг дурдав.
Технологийн компаниудын хувьцааны ханш өссөн ч дата төвийн операторуудынх буурав Гэхдээ хиймэл оюуны дэд бүтцийн өргөжилт удаашрах төлөв бүх технологийн компанид ижил хэмжээнд тусгалаа олсонгүй. Шинжээчдийн дурдсанаар технологийн томоохон компаниудын хувьцааны ханш өсч, зах зээлийн үнэлгээ нь арилжааны явцад нийлбэр дүнгээрээ 750 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдсэн бол зээлээр санхүүждэг жижиг дата төвийн операторуудын хувьцааны ханш буурчээ.
Шинэ дата төвийн нийлүүлэлт хязгаарлагдвал одоо ажиллаж буй байгууламжуудын үнэ цэн өсөх боломжтой. Мөн томоохон технологийн компаниудын шинэ дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалт буурч болзошгүй. Гэхдээ бүтээн байгуулалтын саатал нь хиймэл оюуны тооцоолох хүчин чадлын өсөлтийг хязгаарлах эрсдэлтэй хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





