Суурь тэтгэвэр авч байсан иргэн нас барвал тэтгэврийнх нь 50%-ийг гэр бүлийн хүнд нь өвлүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн хүнд өвлүүлэх боломжтой талаар мэдээллээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир арваннэгдүгээр сарын 3-нд Тусгаар тогтнолын ордонд болсон ахмад настнуудын уулзалтын үеэр тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барвал тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтой талаар дурдсан байна.
Арваннэгдүгээр сарын 1-нээс 413 мянга гаруй ахмад настанд 100,000–300,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн гэх мэдээлэл байна. Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1.2164 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.
Уулзалтад оролцсон ахмадууд олон хүүхэд төрүүлсний улмаас эрт тэтгэвэрт гарсан болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэд суурь тэтгэвэрт хамрагдах эсэхийг тодруулсан байна. Салбарын сайдын тайлбарласнаар онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэд болон цэргийн алба хаагчид 55–60 нас хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр авах боломжтой аж.
Ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652,000 төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





