Шатах ашигт малтмалын хэрэглээг бууруулах асуудлаар санал зөрөлдсөний улмаас COP31 хурал үр дүнгүй өндөрлөлөө
Туркийн Анталья хотноо болсон COP31 бага хурал ням гарагийн эцсийн хуралдаанаар “Антальягийн тунхаглал”-ыг баталж чадалгүй, зөвшилцлийн мухардлаар өндөрлөв.

Туркийн Анталья хотноо хоёр долоо хоног гаруй хугацаанд үргэлжилсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 31 дүгээр бага хурал буюу COP31 дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй, зөвшилцлийн мухардлаар өндөрлөлөө. Энэ нь 2009 оны Копенхагены COP15 бага хурлаас хойших олон талт уур амьсгалын дипломат ажиллагаанд тохиосон хамгийн том ухралт төдийгүй түүхэн дэх хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн бага хурал болов. Арваннэгдүгээр сарын 22-ны эцсийн хуралдаанаар батлахаар төлөвлөж байсан “Антальягийн тунхаглал”-ыг Европын Холбоо, Норвеги болон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг Панам, Маршаллын арлууд зэрэг улс эрс эсэргүүцсэнээр хэлэлцээ мухардалд орсон юм.
Шатах ашигт малтмалын талаарх заалтыг хэлэлцээрээс хасав Хэлэлцээ тасалдсан гол зангилаа нь эрчим хүчний шилжилт буюу нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс татгалзах тухай заалтууд байлаа. Хурлын анхны төсөлд эрчим хүчний салбарыг шатах ашигт малтлаас нэн даруй ангижруулах тухай тодорхой тусгасан байсан ч хэлэлцээний явцад уг заалтуудыг хассан нь 100 гаруй улсын эсэргүүцлийг өдөөсөн байна. Хэлэлцээнд Европын Холбоог төлөөлөн оролцсон Ирландын Уур амьсгалын сайд Дарра О'Брайен шатах ашигт малтмалын асуудлыг бүрмөсөн орхигдуулсан баримт бичгийг дэмжих ямар ч боломжгүй гэдгийг хатуу мэдэгдэв. Нөгөө талд эдийн засаг нь эрчим хүчний түүхий эдийн экспортоос шууд хамааралтай Саудын Араб, ОХУ тэргүүтэй орнууд уг заалтыг гэрээнд тусгахын эсрэг тууштай зогссон байна. Эдгээр орон анх 2023 онд Дубайд болсон COP28 хурлаар анх удаа “шатах ашигт малтлаас аажмаар татгалзах” амлалт өгөөд байсан юм. Уур амьсгалын санхүүжилт мөн маргаан дагууллаа Зөрчлийг улам хурцатгасан хоёр дахь хүчин зүйл нь уур амьсгалын санхүүжилтийн тодорхойгүй байдал байв. Байгалийн гамшиг, ган, үер, хэт халалтын нөлөөнд өртөж буй хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг бодитоор нэмэгдүүлэхийг шаардсан байна. Гэвч тогтоолын төсөлд уг санхүүжилтыг 2035 он гэхэд гурав дахин өсгөх “ерөнхий зорилт” төдийг тусгаж, суурь дүн болон хандивлагчдын үүрэг хариуцлагыг тодорхой тусгасангүй. Түүнчлэн нүүрстөрөгчийн давхар ислийг барьж хадгалах “CCS” технологийг өргөжүүлэх санал дэвшүүлсэн нь олон улсын байгаль орчны шинжээчдийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулав. Шинжээчдийн үзэж буйгаар технологийн шийдэлд хэт найдах нь шатах ашигт малтмалын олборлолтыг бодитоор хумих бус, харин ч түүний ашиглалтын хугацааг зохиомлоор сунгах шалтаг болох эрсдэлтэй аж. Гэсэн хэдий ч хурлын хүрээнд 90 гаруй улс эдийн засгийн цахилгаанжуулалтыг эрчимжүүлэх санаачилгад нэгдсэн нь энэ удаагийн чуулганы цорын ганц бодит ахиц болон үлдэв. Эдийн засгийн цахилгаанжуулалт буюу “electrification of the economy” гэдэг нь тээвэр, барилга, аж үйлдвэр зэрэг уламжлалт байдлаар нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуужсан түлш хэрэглэдэг салбаруудыг цахилгаан эрчим хүчинд шилжүүлэх үйл явц юм.
Дэлхийн дулаарал 2.8°C хүрэх эрсдэлтэй Антальягийн хэлэлцээ ийнхүү үр дүнгүй өндөрлөсөн нь дэлхийн уур амьсгалын аюулгүй байдалд ноцтой дохио өгч байна. НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор улс орнуудын одоогийн хэрэгжүүлж буй бодлого хэвээр үргэлжилбэл энэ зууны эцэс гэхэд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 2.8°C-аар нэмэгдэх төлөвтэй байгаа нь Парисын хэлэлцээрээр тогтоосон 1.5°C-ийн аюулгүйн хязгаараас бараг хоёр дахин давсан үзүүлэлт юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хурлын үр дүнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу улс төрийн зөвшилцөл бүтэлгүйтсэн ч эдгээр шийдвэр уур амьсгалын өөрчлөлтийн бодит аюулыг баталсан шинжлэх ухааны нотолгоог үгүйсгэж чадахгүйг хатуу санууллаа. Одоогоор Парисын хэлэлцээр болон өмнөх амлалтууд эрх зүйн хувьд хүчинтэй хэвээр байгаа бөгөөд талууд шийдэгдээгүй үлдсэн асуудлыг 2027 онд Этиоп улсад зохион байгуулагдах COP32 бага хурлаар дахин хэлэлцэхээр болов.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





