Дайны гэмт хэрэгтэн Й.Менгелетэй холбоотой 200 хуудас нууц материалыг ил болголоо
Баримтууд Менгеле Швейцарт өмнө нь очиж байсан эсэхээс илүүтэй, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдах үедээ тус улсад дахин нэвтэрсэн байж магадгүй гэж үзжээ. Менгеле Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европоос зугтаж, 1949 онд Аргентинд очсон гэдэг. Өмнөд Америкт суурьшсаныхаа дараа 1956 оны гуравдугаар сард Европт эргэн ирж, Швейцар болон Баруун Германаар аялсан нь баримтаар тогтоогджээ.

Швейцарын Холбооны тагнуулын алба пүрэв гарагт нацист Германы эмч, дайны гэмт хэрэгтэн Йозеф Менгелетэй холбоотой 200 гаруй хуудас архивын материалыг олон нийтэд ил болголоо. Баримтууд Менгеле Швейцарт өмнө нь очиж байсан эсэхээс илүүтэй, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байх үедээ тус улсад дахин нэвтэрсэн байж болзошгүй тухай шинэ мэдээллийг дэлгэжээ.
Менгеле Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европоос зугтаж, 1949 онд Аргентинд очсон гэдэг. Гэхдээ Өмнөд Америкт суурьшсаныхаа дараа 1956 оны гуравдугаар сард Европт эргэн ирж, Швейцар болон Баруун Германаар аялсан нь баримтаар тогтоогджээ. Швейцарт байхдаа хүүтэйгээ цанаар гулгаж, гэрэл зураг хүртэл авахуулсан байна.
Харин Менгелег олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсний дараа Швейцарт дахин ирсэн эсэх нь маргаантай хэвээр үлджээ. Тухайлбал, 1961 онд түүний эхнэр Марта Цюрихийн нисэх онгоцны буудлын ойролцоох Клотенд харагдсаны дараа хамт явсан эрэгтэй нь Менгеле байсан байж магадгүй гэсэн сэжиг гарсан ч Швейцарын цагдаа нар тухайн хүний хэн болохыг баталж чадаагүй байна.
Шинээр нээлттэй болсон архивт Менгеле Швейцарт хэд хэдэн удаа очсон байж болзошгүй талаарх тухайн үеийн хэвлэлийн мэдээлэл, цагдаагийн тайлан, түүнийг тус улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэр болон баривчлах ажиллагаатай холбоотой материалууд багтжээ.
Архивыг бүрдүүлсэн байгууллага нь Швейцарын Ерөнхий прокурорын газрын цагдаагийн алба бөгөөд хожим уг материалыг Холбооны архивт шилжүүлсэн байна. Швейцарын тал баримтуудыг 2071 оны эцэс хүртэл хамгаалалтын хугацаанд байлгахаар төлөвлөж байсан ч түүхч Жераард Уэтстейн нэвтрэх эрхийн хязгаарлалтыг шүүхэд эсэргүүцсэний дараа шийдвэрийг дахин авч үзжээ.
Швейцарын Холбооны тагнуулын алба олон нийтийн сонирхол өндөр байгааг харгалзан материалыг цахимаар нийтэлсэн бөгөөд эх сурвалж болон гуравдагч этгээдийн хувийн мэдээллийг хамгаалах шаардлагатай хэсгүүдийг халхалсан байна.
Шинээр ил болсон баримтууд Менгелегийн 1956 оны Швейцар дахь аяллыг анх удаа нотолж байгаа хэрэг биш юм. Харин дайны гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байсан дараагийн жилүүдэд тэр Швейцарт дахин нэвтэрч чадсан эсэх, түүнд тусалсан холбоо сүлжээ байсан эсэхийг илүү нарийвчлан судлах шинэ эх сурвалж болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





