Эмэгтэйчүүд өөрөөсөө боловсролын түвшин доогуур эрчүүдтэй гэрлэх нь нэмэгджээ
Эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмших нь эрчүүдээс хурдтай нэмэгдсэнээр өөртэйгөө ижил эсвэл илүү өндөр боловсролтой эрэгтэйтэй гэрлэх боломж хумигдаж байна. Судлаачид уг өөрчлөлтийг эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдал нэмэгдэж, хосоо сонгоход боловсролын ялгааг хүлээн зөвшөөрөх хандлага өөрчлөгдөж буйтай холбон тайлбарлаж буй. Гэхдээ эрэгтэй нь боловсрол, орлого, нийгмийн байр сууриар илүү байх ёстой гэсэн уламжлалт ойлголт хүчтэй орнуудад шинэ төрлийн гэрлэлт хуучин жендэрийн хүлээлттэй зөрчилдсөн хэвээр байна.

Нөхөр нь эхнэрээсэ илүү өндөр боловсролтой байх "уламжлалт" гэрлэлтийн хэв маяг өдгөө өөрчлөгдөж байна. Учир нь эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмших нь нэмэгдэхийн хэрээр нөхрөөсөө илүү боловсролтой эмэгтэйчүүдийн гэрлэлт АНУ, Европоос эхлээд Хятад зэрэг Азийн орнуудад ч түгээмэл болжээ.
Гэхдээ эмэгтэйчүүд гэнэт “өөрөөсөө доогуур боловсролтой эрэгтэйг илүүд үзэх” болсон гэсэн үг биш. Харин гэрлэлтийн хэв маяг өөрөө өөрчлөгдөж буйн хэлбэр юм.
Ижил түвшний боловсролтой эрэгтэйчүүд хүрэлцэхгүй болжээ
Гол шалтгаан нь энгийн. Дээд боловсролтой эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс хурдан нэмэгдэхэж байгаа энэ үед эмэгтэй бүр өөртэйгөө ижил эсвэл илүү боловсролтой эрэгтэйтэй гэрлэх боломжгүй болжээ.
Харвардын их сургуулийн социологич Син Вон Хан 34 орны мэдээллийг шинжлэхдээ үүнийг гэрлэлтийн зах зээл дэх “marriage squeeze” буюу тохирох боломжит хосын хүрээ хумигдах үзэгдэлтэй холбон тайлбарласан байна. Түүний судалгаагаар коллежийн боловсролтой эрэгтэйчүүд харьцангуй хомсдож байгаа нь эмэгтэйчүүд өөрөөсөө боловсролын түвшин доогуур эрэгтэйтэй гэрлэх болсны хамгийн том шалтгаан болов.
Европт ч мөн ижил өөрчлөлт ажиглагдсан байна. Тодруулбал, судлаачид дээд боловсролтой эмэгтэйчүүд ижил боловсролтой эрэгтэй олдохгүй байгаа энэ үед гэрлэхгүй үлдэхээс илүүтэй өөрөөсөө боловсролын түвшин доогуур эрэгтэйтэй хос болох нь түгээмэл байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, диплом хосоо сонгох хатуу “доод босго” байхаа аажмаар больж байна.
Эмэгтэйчүүдэд нөхрийн боловсрол өмнөх шигээ зайлшгүй “баталгаа” биш болов
Гэхдээ зөвхөн эрэгтэйчүүдийн тоо хүрэлцэхгүй байгаагаар бүхнийг тайлбарлах боломжгүй.
Син Вон Ханы судалгаагаар эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдал мөн чухал нөлөөтэй байжээ. Өөрөө боловсрол эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх тусам эмэгтэй хүний санхүүгийн баталгаа нөхрийн боловсрол, ажил мэргэжлээс өмнөх шигээ хамаарах шаардлага багассан байна. Түүнчлэн зарим оронд эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдал нь боловсролтой эрэгтэйчүүдийн хомсдолтой дүйцэхүйц чухал хүчин зүйл байсныг судалгаа харуулсан байна.
Тиймээс “өөрөөсөө доогуур хүнтэй гэрлэж байна” гэдэг тодорхойлолт өөрөө ч асуудалтай болж эхэлжээ. Боловсролын зэрэг доогуур байна гэдэг нь тухайн эрэгтэйн орлого, гэр бүлийн гарал, ажил мэргэжил эсвэл бусад нийгмийн байр суурь заавал доогуур гэсэн үг биш.
Энэтхэгийн жишээ мөн адил үүнийг тод харуулж буй. Тус улсын судалгаагаар өндөр боловсролтой эмэгтэйчүүд өөрөөсөө боловсрол багатай эрэгтэйтэй гэрлэх тохиолдол нэмэгдсэн ч тэдгээр эрэгтэй илүү чинээлэг, нийгмийн байр суурь өндөр гэр бүлээс гаралтай байх хандлага ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, боловсролын нэг шатлал байхгүй болсон ч гэр бүлийн гарал, эдийн засгийн байр суурь зэрэг өөр шалгуур хэвээр үлдэж болно.
Нийгмийн ойлголт гэрлэлтийн бодит байдлаас удаан өөрчлөгдөж байна
Харин хамгийн сонирхолтой зөрчил энд бий. Бодит амьдрал дээр эмэгтэй нь илүү боловсролтой гэрлэлт нэмэгдэж байгаа ч “нөхөр нь эхнэрээсээ илүү амжилттай байх ёстой” гэсэн хүлээлт зарим нийгэмд хэвээр байна.
Хятадын судалгаагаар 2013-2021 онд нөхрөөсөө илүү дээгүүр боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэн бөгөөд судлаачид үүнийг эмэгтэйчүүдийн бие даасан байдал нэмэгдэж, уламжлалт жендэрийн хэм хэмжээ өөрчлөгдөж буйн илрэл гэж тайлбарлажээ.
Гэхдээ шинэ бодит байдал хуучин хүлээлтийг бүрэн арилгаагүй байна. Хятадын гэр бүлүүдийг судалсан өөр нэг шинжилгээгээр нөхрөөсөө илүү боловсролтой эмэгтэйчүүдийн сэтгэл гутралын шинж тэмдэг ижил боловсролтой хосуудынхаас өндөр байсан бөгөөд уламжлалт жендэрийн үзэл баримтлалтай эмэгтэйчүүдэд уг ялгаа илүү тод байжээ. Судлаачид эмэгтэй нь нөхрөөсөө өндөр байр суурьтай байхыг таагүй хүлээн авдаг нийгмийн хүлээлт ийм гэр бүлд сэтгэлзүйн зөрчил үүсгэж болохыг тэмдэглэсэн байна.
Японд ч төстэй дүр зураг ажиглагджээ. 1993-2020 оны мэдээллийг шинжилсэн 2026 оны судалгаагаар нөхрөөсөө илүү боловсролтой эмэгтэйчүүд бусад гэрлэсэн эмэгтэйчүүдээс амьдралын сэтгэл ханамжаа доогуур үнэлэх хандлагатай байсан бөгөөд судлаач Бьорн Беккер үүнийг уламжлалт жендэрийн хэм хэмжээтэй холбон шинжилсэн байна.
Холбоотой мэдээ

Иений ханшийн сулралтай тэмцэж буй Японы Төв банк бодлогын хүүг сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүртэл өсгөлөө
Японы Төв банк бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлж, 1.25 хувьд хүргэснээр 1995 оноос хойших буюу сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүрлээ. Энэ удаагийн шийдвэр сүүлийн өсөлтөөс гурван сарын дараа гарч буй ба Төв банк нөхцөл байдалтай уялдуулан бодлогын хүүгийн өсөлтийг хурдасгаж байна. Тус улсын инфляц дунд хугацаанд зорилтот 2 хувийн түвшнээс давж болзошгүй эрсдэл нэмэгдсэн нь бодлогын хүүг өсгөх шийдвэрийн голлох шалтгаан болжээ.

Өглөө бүр эрт сэрж, бүтээмжээ өсгөхийг зорьж байна уу? Тэгвэл энэ дадлын танилц
Өглөөний 05:00 цагт босох дадал нь сахилга бат, бүтээмжийн бэлгэ тэмдэг болсон ч хүн бүрийн биологийн хэмнэлд тохирдоггүйг нойр судлаачид анхааруулж байна. Хангалттай нойр авалгүйгээр эрт босох нь бие ядрах, дархлаа сулрах, бодисын солилцоо болон сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Иймээс хэдэн цагт сэрэхээс илүүтэй 7-9 цагийн хангалттай нойр авч, өөрийн биеийн төрөлхийн хэмнэлд тохирсон тогтмол цагийн хуваарь баримтлахыг зөвлөж байна.

Саудын Араб, Хуситуудын мөргөлдөөн дахин ширүүссэн ч нийлүүлэлтийн найдвар тосны үнийг буулгав
Баасан гарагт хөрөнгө оруулагчид Саудын Араб, Йемений Ираны дэмжлэгтэй Хуситуудын шинэ цохилтыг үнэлэх зуур тосны үнэ буурлаа Brent фьючерс 0.94 хувиар унаж баррель нь 103.83 ам.доллар, WTI 0.88 хувиар буурч 101.01 ам.доллар боллоо Оманаар дамжуулан Азийн худалдан авагчдад хүргэх хувилбар нэмэгдсэн нь нийлүүлэлтийн айдсыг зөөлрүүлэх төлөвтэй

Европын Холбоо Канадтай шинэ түншлэл ярьж, Вашингтон татварын дарамтаа өргөжүүлэх дохио өглөө
Европын Холбоо Канадтай ойртож, Вашингтон тарифын шахалтаа өргөтгөх нөхцөл бүрдүүлж байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Оросын нефть авдаг орнуудад 100% хүртэл тариф ногдуулах эрхийг Трампад олгов. Энэ алхам худалдааны хэлэлцээнд АНУ-ын хөшүүргийг нэмэгдүүлж, зах зээлийн эрсдэлийн мэдрэмжийг сэргээж байна.

Номтой, бороотой өдөр: Нийслэлд өнөөдөр 40 дэх удаагийн “Номын баяр” эхэлж байна
Монголын уншигч, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчдийг нэг дор цуглуулдаг 40 дэх удаагийн Үндэсний “Номын баяр” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэлж байна. Есдүгээр сарын 18-20-нд үргэлжлэх энэ удаагийн баяр Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Гурван өдрийн турш шинэ номын нээлт, зохиолч, орчуулагчдын уулзалт, гарын үсгийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна гадаадын зохиолч, хэвлэлийн салбарын төлөөлөгчид оролцоно.

АНУ-ын зохицуулагчид токенжуулсан хувьцааны хязгаарлагдмал арилжааг зөвшөөрсний дараа Securitize өсөв
АНУ-ын холбооны зохицуулагчид токенжуулсан хувьцаа гаргахыг зөвшөөрснөөр Securitize-ийн хувьцаа огцом өсөж, салбарын хүлээлт өөрчлөгдөв АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо токенжуулсан нийтэд арилжаалагддаг хувьцааг хязгаарлан арилжих түр журам гаргаж, таван жил хүчинтэй тогтоов Шинэ зохицуулалт нь токенжуулалтын зах зээлийг тэлж, платформуудын институцийн харилцагч татах өрсөлдөөнийг ширүүсгэнэ