АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж инфляцын мэдээлэл гарахын өмнө буурлаа
Хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн цаашдын чиглэлийг тодорхойлох инфляц, өрхийн орлогын шинэ датаг хүлээх зуур АНУ-ын 10 болон 2 жилийн хугацаатай бондын өгөөж буурлаа.

Талархлын баярын өмнөх амралтын уур амьсгал орж буй энэ өдрүүдэд Уолл Стрийтийн хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг чих тавин хүлээж, Засгийн газрын үнэт цаасны зах зээлд болгоомжилсон худалдан авалт давамгайллаа. Үүний нөлөөгөөр АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжүүд лхагва гарагийн арилжаагаар нийтдээ буурах хөдөлгөөн үзүүлэв.
Тодруулбал, орон сууцны ипотекийн зээл зэрэг урт хугацааны санхүүжилтийн өртгийг тодорхойлогч болдог 10 жилийн хугацаатай бондын өгөөж гурван суурь нэгжээр буурч, 4.8699 хувьд хүрсэн байна.
Түүнчлэн Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэрт хамгийн соргог хариу үйлдэл үзүүлдэг хоёр жилийн хугацаатай бондын өгөөж дөрвөөс дээш суурь нэгжээр уруудаж, 4.6291 хувьд тогтсон бол 30 жилийн хугацаатай урт хугацааны бондын өгөөж хоёр суурь нэгжээр доошилж, 5.2695 хувийг заалаа.
Зах зээлийн энэхүү хүлээлтийн гол зангилаа нь Холбооны нөөцийн банкны бодлого боловсруулагчдын инфляцын дарамтыг хэмждэг гол шалгуур болох хэрэглээний хувийн зардлын үнийн индексийн тайланд төвлөрч байна. “Dow Jones”-оос явуулсан судалгаанд оролцсон шинжээчдийн зүгээс аравдугаар сарын инфляц 0.3 хувийн өсөлттэй гарна хэмээн таамаглаж буй.
Гэсэн хэдий ч эдийн засгийн идэвхжил саарч болзошгүйг харуулах өөр нэгэн үзүүлэлт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. АНУ-ын удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний захиалгын өсөлт есдүгээр сард 1.8 хувийн өндөр гүйцэтгэлтэй байсан бол аравдугаар сард ердөө 0.2 хувь болж огцом удаашрах төлөвтэй байгаа нь аж үйлдвэрийн салбарын захиалга хумигдаж эхэлснийг харуулж байна. Мөн Эдийн засгийн шинжилгээний товчооноос танилцуулах аравдугаар сарын өрхийн орлого болон хэрэглээний зардлын тайлан нь Америк өрхүүдийн худалдан авах чадвар хэр тогтвортой хадгалагдаж буйг тодорхойлох юм.
Эдгээр чухал дата мэдээллүүд зэрэгцэн гарч буй нь баярын амралтын өмнө зах зээлийн хэлбэлзлийг нэмэгдүүлэх магадлалтай байна. Талархлын баярыг тохиолдуулан АНУ-ын бондын зах зээл пүрэв гарагт бүрэн амарч, баасан гарагт Нью-Йоркийн цагаар 14:00 цагт арилжаагаа эрт хаах хуваарьтай тул хөрөнгө оруулагчид багцын эрсдэлээ урьдчилан тэнцвэржүүлэх алхмуудыг хийж эхэллээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ




