Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК 500 тэрбум төгрөгийн бонд зах зээлд санал болгоно

Дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх шинэ бондын нийлүүлэлт хийгдэхээр байна. Монгол Улсын Хөгжлийн банк нийт 500 тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид 100 тэрбум төгрөгийн “Хөгжлийн бонд-1”-ийг санал болгож, урьдчилсан захиалгыг энэ оны есдүгээр сарын 7-9-нд авахаар мэдээлжээ.
Эхний транч нь нийт хөтөлбөрийн 20 хувьтай тэнцэж байна. Бондоор татан төвлөрүүлэх хөрөнгийг дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэл, зам, тээврийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд чиглүүлэхээр төлөвлөсөн байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд анхаарах нэг нөхцөл нь татварын зохицуулалт юм. Бондын хүүгийн орлогыг хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр танилцуулжээ. Энэ нь бондын нэрлэсэн өгөөжөөс гадна татварын дараах бодит өгөөжийг бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлтэй харьцуулах нэг үзүүлэлт болж байна.
Хөгжлийн банкны танилцуулгад бондын зээлжих зэрэглэлийг Монгол Улсын Засгийн газрын түвшинтэй дүйцэх BB-/B1/B+ гэж мэдээлсэн байна. Гэхдээ зээлжих зэрэглэл нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх үзүүлэлтүүдийн зөвхөн нэг бөгөөд бондын хугацаа, тогтох өгөөж болон эргэн төлөлтийн нөхцөл мөн хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлнө.
Захиалгыг өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус гэсэн хоёр хэлбэрээр авах юм. Өрсөлдөөнт захиалгад хөрөнгө оруулагч өгөөжийн түвшнээр санал өгөх бол өрсөлдөөнт бус захиалгыг нэрлэсэн үнээр өгөхөөр зохицуулжээ.
Бондын андеррайтераар "Тэнгэр Капитал" ҮЦК ХХК ажиллаж байна. Захиалгад оролцох хөрөнгө оруулагч үнэт цаасны данстай байх бөгөөд хөрөнгө оруулах мөнгөн хөрөнгөө урьдчилан байршуулсан байх шаардлагатай.
500 тэрбум төгрөгийн хөтөлбөр бүрэн хэрэгжвэл дотоодын бондын зах зээлд томоохон хэмжээний шинэ нийлүүлэлт бий болно. Харин эхний 100 тэрбум төгрөгийн транчид хөрөнгө оруулагчдын эрэлт ямар байх, өгөөж ямар түвшинд тогтох нь энэ удаагийн санал болгож буй бондын зах зээлийн үнэлгээг тодорхойлох гол үзүүлэлт болохоор байна.
Холбоотой мэдээ


