Францын Засгийн газрын 10 жилийн хугацаат бондын өгөөж 4.5 хувийг давж, 2008 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Франц болон Германы 10 жилийн хугацаат бондын өгөөжийн зөрүү нэг нэгж хувийг давлаа. Францын төсөв, өрийн төлөвтэй холбоотой хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж байна.

Францын Засгийн газрын 10 жилийн хугацаатай OAT бондын өгөөж лхагва гарагийн арилжаагаар 4.53 хувьд хүрч, 2008 оноос хойших дээд түвшинд хүрлээ. Бондын өгөөж өссөн нь Францын төсвийн алдагдал, өсөн нэмэгдэж буй өр болон улс төрийн тодорхойгүй байдлыг хөрөнгө оруулагчид илүү өндөр эрсдэлтэй гэж үнэлж буйн илрэл гэж шинжээчид үзэж байна.
Францын 10 жилийн хугацаат бондын өгөөж Германы ижил хугацаатай бондынхоос нэг нэгж хувиас илүү зөрүүтэй болсон нь Евро бүсийн өрийн хямралаас хойш ажиглагдаагүй түвшин юм. Францын Засгийн газар Германтай харьцуулахад илүү өндөр хүүгээр санхүүжилт татах шаардлагатай болж буйг уг зөрүү харуулав.
Франц улсын өр 2027 онд ДНБ-ий 121.7 хувьд хүрэх үү?
Францын Сангийн яам улсын өрийг энэ онд ДНБ-ий 119.3, харин 2027 онд 121.7 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Өнгөрсөн оны эцэст уг үзүүлэлт 115.7 хувь байсан бол 2019 онд 100 хувиас доогуур байв.
Төсвийн алдагдал 2026 онд ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа учраас Засгийн газар 2027 онд 5 хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Хэрэв нэмэлт арга хэмжээ авахгүй бол ирэх онд алдагдал ДНБ-ий 6.5 хувиас давах боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.
Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню 2027 оны төсөвт ойролцоогоор 54 тэрбум еврогийн хэмнэлт тусгахаар төлөвлөснөө мэдэгдсэн. Төсвийн зардлыг хязгаарлах уг төлөвлөгөө нь алдагдлыг 5 хувьд хүргэх зорилготой ч парламентын олонхын дэмжлэг баталгаажаагүй хэвээр байна.
Өрийн хүүгийн зардал нэмэгдэж байгаа нь төсвийн боломжийг улам хязгаарлаж байгаа аж. Засгийн газрын тооцоогоор 2027 онд өрийн үйлчилгээний зардал дангаараа ойролцоогоор 10-аас 12 тэрбум еврогоор нэмэгдэх төлөвтэй байгаа бол тэтгэвэр, эрүүл мэнд, батлан хамгаалахын зардал мөн өсөхөөр байна.
2027 оны төсөв зах зээлийн дараагийн гол шалгуур болно
Францын төсвийн төлөвийг улс төрийн нөхцөл байдал улам хүндрүүлж байна. 2024 оны ээлжит бус парламентын сонгуулиар Үндэсний Ассамблейд аль ч улс төрийн хүчин үнэмлэхүй олонхыг бүрдүүлээгүй бөгөөд Засгийн газар төсвийн арга хэмжээнүүдээ батлуулахын тулд бусад бүлгийн дэмжлэг авах шаардлагатай болсон.
Иймээс хөрөнгө оруулагчдын хувьд 54 тэрбум еврогийн төсвийн тохируулга зарласнаас илүүтэй парламент уг арга хэмжээнүүдийг ямар хэлбэрээр батлах нь чухал болж байна. Олонхын дэмжлэггүй Засгийн газар төсвийн талаар тохиролцоонд хүрэхгүй бол улс төрийн маргаан дахин Засгийн газрын бондын зах зээлд нөлөөлөх эрсдэлтэй.
Францын өрийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ Засгийн газрын санхүүжилтийн өртөг өсч байгаа нь 2027 оны төсвийг зөвхөн улс төрийн бус, санхүүгийн зах зээлийн гол үйл явдал болгож байна. Төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө парламентын дэмжлэг авч чадах эсэх нь Франц, Германы Засгийн газрын 10 жилийн бондын өгөөжийн зөрүү болон Засгийн газрын цаашдын зээлжих өртөгт зах зээл хэр хэмжээний эрсдэлийг нэмэгдүүлэн тооцохыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болох төлөвтэй.
Холбоотой мэдээ

Японы Засгийн газрын 10 жилийн хугацаат бондын өгөөж 30 жилийн дээд түвшинд хүрлээ
Энэхүү бондын өгөөж пүрэв гарагийн арилжаагаар 3.055 хувьд хүрч, 1996 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд очлоо.
