Энэтхэг хиймэл оюун, чипийн салбараа дэмжих хөрөнгө оруулалтыг $25 тэрбумд хүргэнэ
Энэтхэг хиймэл оюун, хагас дамжуулагч, дрон, сансар болон дэвшилтэт үйлдвэрлэлийн стартапуудаа дэмжих "Deep Tech" хөрөнгө оруулалтыг 25 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

Энэтхэг улс стратегийн технологийн салбар дахь АНУ болон БНХАУ-аас хамаарах хамаарлаа багасгахын тулд Deep Tech буюу шинжлэх ухаан, инженерчлэлийн дэвшилд тулгуурласан технологийн гарааны компаниудад чиглэх хөрөнгө оруулалтыг 25 тэрбум ам.долларт хүргэхээр бэлтгэж байна.
Хиймэл оюун, хагас дамжуулагч, дэвшилтэт үйлдвэрлэл, дрон болон сансрын технологийн компаниуд уг бодлогын гол чиглэлд багтаж, геополитикийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр стратегийн технологийг дотооддоо хөгжүүлэх асуудал Энэтхэгийн хувьд илүү чухал болжээ.
11 тэрбум ам.долларын төрийн санхүүжилт
Энэтхэгийн Венчур ба хувилбарт хөрөнгийн холбооны ерөнхийлөгч Ражат Тандоны мэдээлснээр, тус улсын "Deep Tech" салбарт сүүлийн 10 жилийн хугацаанд 11.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Үүн дээр Судалгаа, хөгжлийн дэд бүтцийн сангаас амласан 11 тэрбум ам.доллар нэмэгдэхээр байгаа аж. Венчур капитал болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд төрийн санхүүжилтийг даган хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлбэл дахин 3-4 тэрбум ам.доллар төвлөрөх боломжтой гэж Тандон тооцоолжээ. Ингэснээр "Deep Tech" салбарт чиглэх нийт хөрөнгө оруулалт 25 тэрбум ам.долларт хүрэх боломж бүрдэх юм.
Төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд зөвхөн стартапын санхүүжилт бус, стратегийн технологийн нийлүүлэлтийн эрсдэл голлон нөлөөлж байна. АНУ, БНХАУ хиймэл оюуны дэлхийн өрсөлдөөнийг тэргүүлж байгаа ч Энэтхэгийн хувьд аль нэг талд хэт түшиглэх нь эрсдэлтэй гэж зах зээлийн оролцогчид үзэж байгаа аж.
Тухайлбал, Энэтхэгт Хятадын технологид үл итгэх хандлага ажиглагдаж байгаа бол АНУ-ын экспортын хяналт дэвшилтэт технологийн хүртээмжийг тодорхой бус болгож байна. Өнгөрсөн зургаадугаар сард хиймэл оюуны “Anthropic” компани АНУ-ын Засгийн газрын экспортын хяналтын зааврын дагуу гадаадын иргэдийн “Fable 5”, “Mythos 5” загварт нэвтрэх боломжийг хаасан.
“Startup Policy Forum”-ын шинжээч Швета Ражпал Кохли инновацын хурд эрс нэмэгдэж байгааг онцлоод, дараагийн гол сорилт нь технологийг бодит бүтээгдэхүүн, бизнес болгон арилжаалах явдал гэж үзсэн байна.
Компаниудын зах зээлийн үнэлгээ шинэ санхүүжилтийн шатанд нэг тэрбум ам.доллар давжээ
Энэтхэгийн "Deep Tech" салбарын экосистем хөгжлийн эхэн үедээ байгаа ч дэлхийн хэмжээний компаниуд төрөх боломжтой гэж “SuperReturn Asia” арга хэмжээнд оролцсон хөрөнгө оруулагчид үзжээ. Энэ онд “Emergent”, “Skyroot”, “Sarvam” компаниудын зах зээлийн үнэлгээ шинэ санхүүжилтийн шатанд нэг тэрбум ам.доллар давжээ.
“Crane Venture Partners”-ийн Анандамой Ройчоудхуригийн хэлснээр стратегийн ач холбогдолтой технологийн нийлүүлэлт тасалдах эрсдэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг Энэтхэгийн дотоодын технологийн компаниуд руу чиглүүлж байна.
Гэсэн ч санхүүжилтийн хэмжээгээр Энэтхэг АНУ-аас ихээхэн хоцорсон хэвээр. Энэтхэгийн Венчур ба Хувилбарт хөрөнгийн холбооны наймдугаар сарын судалгаанд хамрагдсан 100 сангийн 90 орчим хувь нь "Deep Tech"-д хөрөнгө оруулж байгаагаа мэдээлжээ. Тус салбар 2025 онд бараг гурван тэрбум ам.долларын санхүүжилт татсан нь дээд үзүүлэлт болсон ч Энэтхэгийн стартапуудын нийт санхүүжилт буурсан байна.
Харин АНУ-ын "Deep Tech" салбар 136 тэрбум ам.долларын хөрөнгө татсан нь хоёр улсын санхүүжилтийн цар хүрээ ихээхэн зөрүүтэй байгааг харуулав. Иймээс Энэтхэгийн дараагийн сорилт нь амласан 11 тэрбум ам.доллар болон хувийн хөрөнгийг стартапуудад хүргэж, судалгаа, инновацыг арилжааны бүтээгдэхүүн болгон хувиргах явдал болж байна.
Холбоотой мэдээ

OpenAI: Аюулгүй байдлын шалгуур хангаагүй "GPT-6.1 Astra" загвараас татгалзлаа
Шинэ загвар зарим даалгаврыг илүү сайн гүйцэтгэж байсан ч зөвшөөрөгдсөн хүрээнээс хэтрэх, хийсэн үйлдлээ үнэн зөв тайлагнах тал дээр өмнөх хувилбараасаа ухарсан байна.

SpaceX анх удаа Starship-аа тойрог замд хүргэж, өргөтгөлийн төлөвлөгөөндөө түлхэц өглөө
SpaceX анх удаа Starship пуужингаа тойрог замд оруулж, өсөлтийн төлөвлөгөөндөө шинэ үе нээлээ Starbase, Техасаас даваа гарагийн өглөө хөөрсөн хөлөг орон нутгийн цагаар 08:15-д тойрог замд хүрсэн Энэ…

SpaceX Starship-ийг анх удаа тойрог замд хүргэсэн ч аюулгүй байдлаас болж нислэгийг эрт зогсоов
SpaceX Starship хөлгөө анх удаа тойрог замд хүргэж, хөтөлбөрийн ахицыг харуулсан ч эрт дуусгав. Техасаас хөөрснөөс хойш 3 цагийн дараа буцан орж, Хавайн хойд усанд буухдаа гал авалцав.

"Anthropic" өртөг хямд, ачаалахад хурдан "Sonnet 5.5" загвараа танилцууллаа
Шинэ загвар нь сая оролтын токен тутамд 2 ам.доллар, гаралтын токен тутамд 10 ам.долларын үнэтэй бөгөөд “Opus 5.5”-аас хоёр дахин хямд. “Sonnet 5.

“Nvidia” хиймэл оюуны агентуудыг хязгаарлах аюулгүй байдлын платформ танилцууллаа
“Nvidia” хиймэл оюуны агентууд зөвшөөрөгдсөн хүрээнээсээ хэтэдсэн үйлдэл гаргах эрсдэлийг бууруулах зорилготой шинэ “Open Agent Safety Platform” платформоо танилцууллаа.

OpenAI аюулгүй байдлын босгоо хангаагүй гэж үзээд GPT-6.1 Astra-г цацахаас татгалзлаа
OpenAI аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэж үзэн GPT-6.1 Astra-г гаргахгүй шийдсэн нь салбарын хяналтын маргааныг хурцатгав. CNBC Даваа гарагт уг шийдвэрийг баталж, GPT-6.