Хиймэл оюун ашиглан ₮4.1 тэрбумын залилан хийхийг завдсан яллагдагчийг баривчилжээ
Налайх дүүрэгт 140 айлын хаус хороолол барина хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилан авахыг завдсан этгээдийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлнэ хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 4.1 тэрбум төгрөг залилан авахыг завдсан яллагдагчийг Баянзүрх дүүргээс баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тухайн этгээд гэмт хэргийг урьдчилан төлөвлөж, бусадтай тохиролцон үйлдэж байжээ. Уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгаж байх үед буюу 2024 онд оргон зайлж байжээ.
Яллагдагч нь “House Mentor”, “Arvijih Green Village”, “Svmber House Capital” нэртэй цахим хуудсуудыг хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, сурталчилгааны видео болон танилцуулгыг хиймэл оюун ухаан ашиглан бүтээлгэж, бодитоор хэрэгжиж буй төсөл мэтээр цахим орчинд сурталчилж, иргэдийг залилдаг байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Цагдаагийн ерөнхий газраас иргэдийг цахим орчинд нийтэлсэн хаус, орон сууцны төслийн зураг, видео танилцуулга, хиймэл оюунаар бүтээсэн дүрслэлд үндэслэн урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа. Мөн төслийн зөвшөөрөл, газар эзэмших болон ашиглах эрх, барилгын компанийн бүртгэл, гэрээний нөхцөлийг албан ёсны эх сурвалжаас нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





