Хятад төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад 360 тэрбум юанийн хөрөнгө оруулна
БНХАУ-ын Сангийн яам төрийн өмчит найман санхүүгийн байгууллагын капиталыг нэмэгдүүлэхэд 360 тэрбум юань буюу 53.6 тэрбум ам.доллар зарцуулна. Хөрөнгө оруулалтад гурван том зээлдүүлэгч болон таван даатгалын байгууллага хамрагдаж, санхүүгийн эрсдэл даах болон бодит эдийн засгийг санхүүжүүлэх чадавхыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хятадын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 4.3 хувь болж саарсан үед Бээжин санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч байна.

БНХАУ-ын Сангийн яам төрийн өмчит найман санхүүгийн байгууллагын капиталыг нэмэгдүүлэхэд 360 тэрбум юань буюу 53.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Уг санхүүжилт нь байгууллагуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь бэхжүүлэхийн зэрэгцээ бодит эдийн засагт чиглэсэн санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх зорилготой гэж төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Хөрөнгө оруулалтад БНХАУ-ын төрийн өмчит арилжааны “Industrial and Commercial Bank of China”, “Agricultural Bank of China” болон экспортын зээлийн даатгалын “China Export & Credit Insurance Corporation” зэрэг гурван том зээлдүүлэгч, таван даатгалын байгууллага хамрагдана.
Сангийн яамны мэдээлснээр капиталын нэмэлт эх үүсвэр нь эдгээр байгууллагын үйл ажиллагаа болон эрсдэл даах чадавхыг сайжруулж, бодит эдийн засагт үзүүлэх санхүүгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэж буй аж.
Бээжин эдийн засгийн өсөлт саарч буй үед санхүүгийн системээ бэхжүүлэх арга хэмжээ авч байна. Хятадын эдийн засаг хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өссөн нь тус улсын жилийн өсөлтийн зорилтоос доогуур үзүүлэлт болжээ.
Төрийн өмчит санхүүгийн байгууллагуудын капиталыг нэмэгдүүлснээр эрсдэл шингээх санхүүгийн нөөц нь зузаарч, бодит эдийн засагт чиглэсэн зээл, санхүүжилтийг үргэлжлүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Хятадын төрийн “Global Times” хэвлэл уг арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн тодорхойгүй байдал нэмэгдсэн үед банкууд болон бусад санхүүгийн байгууллагад бодит эдийн засгийн зээлд илүү их нөөц хуваарилах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ гадаад орчны өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг давах чадавхыг бэхжүүлнэ гэж тайлбарлажээ.
Ингэснээр Бээжин эдийн засгийн идэвх саарч буй үед нэг талаас санхүүгийн байгууллагуудын эрсдэл даах нөөцийг нэмэгдүүлэх, нөгөө талаас аж ахуйн нэгж болон бодит эдийн засаг руу чиглэх санхүүжилтийн сувгийг тогтвортой хадгалахыг зорьж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





