Ираны дайны үеэр БНХАУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт 13 хувиар өсчээ
БНХАУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсч, 6.01 сая тоннд хүрлээ. Нисэх онгоцны түлшний экспорт 41.4 хувиар нэмэгдэн 2.55 сая тоннд хүрсэн нь сарын түүхэн дээд үзүүлэлт болов. Бээжин долоодугаар сарын дунд үеэс экспортын хязгаарлалтаа сулруулж эхэлсэн бөгөөд есдүгээр сард уг бодлогоо үргэлжлүүлэн зөөлрүүлэх төлөвтэй байна.

Ираны дайн долоо дахь сардаа үргэлжилж байгаа энэ үед БНХАУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт наймдугаар сард эрчимжиж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн талаар тус улсын Гаалийн ерөнхий газрын баасан гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ. Дизель түлш, бензин, нисэх онгоцны түлш болон усан онгоцны түлшийг багтаасан нийт экспорт тайлант хугацаанд 6.01 сая тоннд хүрсэн байна.
Азийн боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний голлох экспортлогчдын нэг болох Хятад улс Ойрх Дорнодоос нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор дотоодын түлшний нөөцийг хамгаалахын тулд гуравдугаар сарын дунд үеэс экспортод хязгаарлалт тогтоосон. Уг арга хэмжээ нь дизель түлш, бензин болон нисэх онгоцны түлшийг хамарч буй.
Гэсэн хэдий ч Бээжин долдугаар сарын дунд үеэс хязгаарлалтаа сулруулж эхэлсэн бөгөөд есдүгээр сард экспортын хяналтыг цаашид зөөлрүүлэх төлөвтэй байна.
Нисэх онгоцны түлшний экспорт түүхэн дээд түвшинд хүрэв
Өсөлтийг задалж үзвэл, нисэх онгоцны түлшний экспорт наймдугаар сард огцом нэмэгджээ. Тус бүтээгдэхүүний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 41.4 хувиар нэмэгдэж, 2.55 сая тоннд хүрсэн нь сарын түүхэн дээд түвшин болжээ.
Мөн дизель түлшний экспорт мөн 42.1 хувиар өсч, 1.33 сая тоннд хүрсэн нь 2024 оны гуравдугаар сараас хойших дээд түвшин болов.
Харин бензиний экспорт өмнөх оноос 17.5 хувиар буурч, 700,000 тонн болсон ч өнгөрсөн оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.
Гэсэн хэдий ч наймдугаар сарын сэргэлт оны эхний найман сарын нийт бууралтыг нөхөж чадсангүй. Хятад улс нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд 34.24 сая тонн боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар бага байна.
Тухайлбал, эхний найман сарын нисэх онгоцны түлшний экспорт 14.4 хувиар, бензиний экспорт 57.4 хувиар тус тус буурчээ. Харин дизель түлшний экспорт 5.9 хувиар нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG-ийн импорт наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 17.8 хувиар буурч, 5.16 сая тонн болжээ. Оны эхний найман сарын LNG импорт 38.86 сая тонн болж, жилийн өмнөхөөс 6.8 хувиар багассан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





