“SpaceX” 1 сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авч, хиймэл оюуны өрсөлдөөн сансарт эрчимжиж байна
АНУ-ын Харилцаа холбооны комисс “SpaceX”-д хиймэл оюуны тооцоолол гүйцэтгэх нэг сая хүртэлх хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байршуулж, ажиллуулах нөхцөлтэй зөвшөөрөл олголоо.

АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс (FCC) арваннэгдүгээр сарын 25-нд “SpaceX” компанид хиймэл оюуны тооцоолол гүйцэтгэх нэг сая хүртэлх хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байршуулж, ажиллуулах нөхцөлтэй зөвшөөрөл олгосон байна.
“Starmind” нэртэй уг сүлжээ нь нарны эрчим хүч ашиглан их хэмжээний өгөгдлийг сансарт боловсруулж, тооцооллын үр дүнг дэлхийд дамжуулах зорилготой.
Харилцаа холбооны комиссын шийдвэрийн дагуу “SpaceX” 2033 он гэхэд эхний хиймэл дагуулыг ашиглалтад оруулж, 2035 он гэхэд 100 мянган хиймэл дагуул байршуулах шаардлагатай бол 2040 он гэхэд сүлжээг бүрэн байгуулахаар тусгажээ.
Гэхдээ зохицуулагч тал ашиглалтын хугацаа дууссан хиймэл дагуулуудыг аюулгүй зайлуулахтай холбоотой зарим хүсэлтийг шийдвэрлэхээ хойшлуулж нэмэлт мэдээлэл, үндэслэл гаргах шаардлагатай байгаа аж.
“Google” сансарт чип ажиллуулах технологийг туршиж байна
“Google” компани 2025 оны арваннэгдүгээр сард нарны эрчим хүчээр ажилладаг сансрын тооцооллын дэд бүтэц байгуулах “Project Suncatcher” судалгааны төслөө танилцуулжээ.
Тус компанийн судалгаагаар дэлхийн тойрог замд байрлах нарны хавтан дунд өргөрөгт байрлах ижил хавтангаас жилд найм хүртэл дахин их нарны эрчим хүч хүлээн авдгаараа онцлог юм.
“Google”-ийн судлаачид нэг километр радиустай орон зайд 81 хиймэл дагуулыг бүлэглэн байрлуулж, лазерын холбоогоор мэдээлэл солилцох тооцооллын сүлжээний загвар боловсруулжээ.
Түүнчлэн тус компанийн "Trillium TPU" чипүүд лабораторийн туршилтаар сансарт таван жил ажиллахтай дүйцэх хэмжээний цацрагийн тунг гэмтэлгүйгээр давсан байна.
“Google” компани хиймэл дагуул үйлдвэрлэгч “Planet”-тай хамтран ажиллаж, 2027 онд хоёр хиймэл дагуулын хооронд өндөр хурдны холбоо тогтоох технологийг туршихаар төлөвлөжээ.
Тус компанийн судалгаанд 2030-аад оны дунд үе гэхэд дэлхийн нам тойрог замд нэг килограмм ачаа хүргэх зардал 200 ам.доллар буюу түүнээс ч хямдрах хүрэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Ж.Безосын компани 51,600 хиймэл дагуул байрлуулна
“Blue Origin” компани өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд “Project Sunrise” төслийн хүрээнд дээрх тооны хиймэл дагуул байрлуулах хүсэлтээ Холбооны харилцаа холбооны комисст хүргүүлсэн байна.
Эх сурвалжуудад хиймэл дагуулыг дэлхийн гадаргаас 500–1,800 километрийн өндөрт байрлуулах бөгөөд тойрог замын нэг хавтгайд 300–1,000 хиймэл дагуул ажиллуулах тухай мэдээлсэн байна.
Харин сансрын тооцооллын технологи хөгжүүлэгч “Starcloud” компани 88 мянга хүртэлх хиймэл дагуул бүхий сүлжээ байгуулах хүсэлтээ уламжилжээ.
Сансрын дата төвүүдийн эдийн засгийн үр ашиг тодорхойгүй байна
Хиймэл оюуны тооцооллын эрэлт нэмэгдэхийн хэрээр технологийн компаниуд дата төвийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ, хөргөлт болон газар ашиглалтын асуудлыг шийдвэрлэх шинэ хувилбаруудыг эрэлхийлж байна.
Сансарт нарны эрчим хүчийг бараг тасралтгүй ашиглах боломжтой ч вакум орчинд төхөөрөмжийн дулааныг гадагшлуулах, хиймэл дагуул хооронд өндөр хурдны холбоо тогтоох, цацрагийн нөлөөллөөс хамгаалах зэрэг инженерийн хүндрэлүүд үүсдэг.
Америкийн одон орон судлалын нийгэмлэг хиймэл дагуулын тоо олшрох нь шөнийн тэнгэрийн үзэгдэх орчин, оптик болон хэт улаан туяаны ажиглалт, радио одон орон судлалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Ийнхүү хиймэл оюуны дэд бүтцийн өрсөлдөөн дэлхийн эрчим хүчний сүлжээ, газар ашиглалтаас давж, сансрын тойрог зам болон нарны эрчим хүчийг ашиглах шинэ чиглэлд өргөжиж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





