МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан (2026.10.01) БНКазУ-ын Астана хотод боллоо. Комиссын хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Н.Номтойбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга А.Сапаров нар даргалав. Түүх, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, стратегийн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц бололцоо байгааг талууд тэмдэглээд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг дэмжин ажиллахаар тохиролцлоо. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын дагуу худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, хоёр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааны талаар хамтран ажиллах боломжтой чиглэл, механизм болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх эрэлт, хэрэгцээг судалж тодорхойлохоор тогтов. Хуралдаанаар тээвэр логистик, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэнд, мэдээллийн технологи, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хамтарсан протокол байгуулав. Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан худалдаа, эдийн засгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг ирэх онуудад өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаев нарын айлчлалаар харилцан тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Монгол Улсын гадаад худалдаа идэвхжиж, экспортын боломж нэмэгдэж буй энэ үед шинэ зах зээлд экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд Төв Азийн орнуудтай, тэр дундаа Казахстан Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт Худалдааны түр хэлэлцээр” нь чухал үүрэгтэй бөгөөд эрүүл ахуй, худалдааны, техникийн болон гаалийн саад тотгорыг арилгах, харилцан уялдуулах, транзит тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг дурдав. Хоёр орны Төрийн тэргүүн нарын түвшинд тохирсон тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч буй учраас шинээр маршрут нээх, одоо байгаа тээврийн холболтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын урсгалыг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг өргөжүүлэх таатай орчныг бүрдүүлэх нь үр өгөөжтэйг тодотголоо. Мөн Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохын төлөө буйгаа илэрхийлэв. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг оролцуулсан хамтарсан сургалт, тэр дундаа өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага, сургуулилалтыг зохион байгуулах, чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаас экспортлох зорилгоор стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны холбогдох байгууллагууд санамж бичиг байгуулсанд баяртай буйгаа илэрхийлэв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингийн зүгээс хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэх, олон улсын сүлжээний гарц, харилцаа холбооны дэд бүтцийн хувьд хоёр улсын газарзүйн байршлыг харгалзан харилцан холбогдох чиглэл, маршрутыг хамтран судлах саналаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга А.Сапаров хоёр улсын Ерөнхийлөгч нарын айлчлалаар тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хамтарсан төсөл, хөтөлбөрүүд тун чухал байгааг онцоллоо. Тэрбээр, худалдааны эргэлт нэмэгдэж буй ч тээвэр логистикийн шинэ дөт замыг нээж, худалдаа, эдийн засгийн салбарыг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатайг тодотгож байна. “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт Худалдааны түр хэлэлцээр” -т нэгдэн орсноор хоёр улсын хувьд бизнесийн шинэ боломжууд нээгдэж, хими, эмийн бүтээгдэхүүн, барилга, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх боломжтойг онцлон тэмдэглэв. Талууд энэ удаагийн хуралдааныг Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан хийсэн айлчлалын тохиролцоог хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, протоколд тусгасан арга хэмжээг бодит ажил болгоход нягт хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ

МУБИС-ийн оюутнууд тэтгэлгийн санхүүжилт саатсанд Боловсролын Зээлийн Сангаас тайлбар шаардаж жагслаа
МУБИС-ийн багшийн ангид суралцдаг оюутнууд тэтгэлгийн санхүүжилт орж ирээгүй тул жагсаж, асуудлыг яаралтай шийдэхийг шаардлаа Оюутнууд тэтгэлгийн бүх шалгуурыг ханган тэнцсэн ч гэрээний дагуух…

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хаах хуулийн төслийг өргөн барилаа 2026.10.01-нд Улсын Их Хурлын дэд дарга Ж.

Трамп Ирантай мөргөлдөөн өрнүүлж буй үед Нобелийн энх тайвны шагнал авахгүй ч нөлөө нь үлдэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ жилийн Нобелийн энх тайвны шагнал авахгүй ч сонголтод нөлөөлнө.

Цэцэрлэг, сургуульд суурилсан хүүхдийн эрт илрүүлэх үзлэг өнөөдрөөс орон даяар эхэллээ
Цэцэрлэг, сургуульд суурилсан хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдрөөс улс даяар эхэлж байна.

Бензиний хомстлын эсрэг жагсаал нийслэлийн төв замыг хааж, Засгийн газрын мэдээлэл хүлээгдэж байна
Бензиний хомстлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал төвийн гол уулзварыг хааж, нөхцөл байдал хурцдав. Жагсаал өглөөний 10:00 цагт эхэлж, 14:00 цагт Төв шуудангийн уулзвар дээр үргэлжилжээ.

Худалдааны сайд Ховард Лутник өнгөрсөн жил их хэмжээний орлого мэдүүлжээ
Худалдааны сайд Ховард Лутник төрийн албанд орсон эхний жилд өндөр орлого тайлагнаж, ил тод байдлын анхаарал татав Тэрээр өнгөрсөн жил дор хаяж 250 сая ам.