“Nvidia” Австралийн дата төвийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд оролцоно
“Nvidia” Австралид хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвийн хүчин чадлыг 2027 он гэхэд 2 гигаватт хүртэл нэмэгдүүлэхээр дотоодын компаниудтай хамтарч байна. Австралийн дата төвүүдийн одоогийн тооцооллын хүчин чадал 1.6 гигаватт байгаа тул төлөвлөсөн бүтээн байгуулалт дангаараа өнөөгийн нийт хүчин чадлаас давна. Хиймэл оюуны эрэлт өсөхийн зэрэгцээ дата төвүүдийн цахилгаан, усны өндөр хэрэглээ Австралид зохицуулалтыг чангатгах асуудлыг улам анхаарлын төвд оруулж байна.

АНУ-ын чип үйлдвэрлэгч “Nvidia” компани Австралид хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвийн хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлэхээр орон нутгийн компаниудтай хамтарч байна. Тус компани ирэх 2027 он гэхэд 2 гигаватт хүртэлх шинэ хүчин чадал бий болгохоор төлөвлөжээ.
“Nvidia” энэ хүрээнд Австралийн үүлэн технологи болон дата төвийн “Firmus”, “CDC”, “NEXTDC” болон “AirTrunk” зэрэг компанитай хамтран ажиллах бөгөөд шинэ дата төвүүдийг өөрийн “DSX” платформд тулгуурлан байгуулахаар төлөвлөж буйгаа пүрэв гарагт мэдээлэв.
“Data Centres Australia” байгууллагын “DC Byte”-ийн судалгаанд тулгуурласан тайланд Австралийн дата төвийн одоогийн тооцооллын хүчин чадлыг 1.6 гигаватт гэж тооцжээ. Үүнтэй харьцуулахад “Nvidia” болон түншүүдийн төлөвлөж буй 2 гигаваттын бүтээн байгуулалт нь тус улсын өнөөгийн нийт хүчин чадлаас 25 орчим хувиар өндөр үзүүлэлт юм.
“Nvidia”-ийн мэдээлснээр салбар бүрд хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр өндөр хүчин чадалтай тооцооллын дэд бүтцийн эрэлт өсч байна. Австрали дахь хүчин чадлыг нэмэгдүүлснээр дотоодын компани, хөгжүүлэгчид хиймэл оюуны загвар, программ болон бие даан даалгавар гүйцэтгэх агентууд хөгжүүлэх боломж өргөжнө гэж үзэж буй.
Үүний зэрэгцээ Австрали дэлхийн дата төвийн хөрөнгө оруулалтын томоохон төв болохыг зорьж байгаа ч салбарын эрчим хүч, усны хэрэглээ маргаан дагуулж байгаа юм. Дата төвүүдийн бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хязгаарлах, цахилгаан болон усны хэрэглээнд илүү хатуу зохицуулалт хийх шаардлагатай гэсэн байр суурь нэмэгджээ.
Энэ талаар “Nvidia” шинэ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цахилгаан үйлдвэрлэлийн нэмэлт төслүүдийг хэрэгжүүлснээр Австрали болон бусад зах зээл дэх хиймэл оюуны тооцооллын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах боломжтой хэмээн мэдэгдэв.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





