Nvidia-гийн дэмжлэгтэй Lambda 2027 оны IPO-оос өмнөх сүүлийн хувийн санхүүжилтээр 4 тэрбум ам.доллар босгохоор зорьж байна
Хиймэл оюуны үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч Lambda 14.5 тэрбум ам.долларын урьдчилсан үнэлгээгээр 4 тэрбум хүртэлх ам.доллар босгож байгаа бөгөөд захиалгын нөөц нь 6–9 дүгээр сарын хооронд 15 тэрбумаас 50 тэрбум ам.доллар болж өссөн гэж The Wall Street Journal мэдээллээ.

Nvidia-гийн дэмжлэгтэй үүлэн тооцооллын компани Lambda хувьцаагаа олон нийтэд анх санал болгохоос (IPO) өмнөх сүүлийн санхүүжилтийн шатандаа 14.5 тэрбум ам.долларын урьдчилсан (pre-money) үнэлгээгээр 4 тэрбум хүртэлх ам.доллар босгож байгааг The Wall Street Journal нөхцөл байдлыг мэдэх эх сурвалжид тулгуурлан мэдээлснийг Reuters иш татав.
Санхүүжилтийн шатыг хөрөнгө оруулалтын Blackstone болон Coatue Management компаниуд тэргүүлж байна. Компанийн хязгаарлагдмал түншүүдэд (limited partners) илгээсэн захидалд дурдсанаар Lambda гүйцэтгэл болон зах зээлийн нөхцөлөөс хамааран 2027 онд хөрөнгийн биржид гарахыг зорьж байна.
Мөн уг захидлаар компанийн биелээгүй захиалгын нөөц (backlog) 6 дугаар сард 15 тэрбум ам.доллар байсан бол 9 дүгээр сард 50 тэрбум ам.доллар болж өссөн байна. TechCrunch-ийн тэмдэглэснээр энэ өсөлтийн дийлэнх нь 8 дугаар сарын сүүлээр Lambda-тай гэрээ байгуулсан Anthropic-ийн 35 тэрбум ам.долларын амлалтаас үүдэлтэй тул компанийн үнэлгээ Anthropic-ийн төлбөрийн чадвараас ихээхэн хамааралтай байж болзошгүй юм.
TechCrunch-ийн мэдээлснээр дата төвийн бүтээн байгуулалт голчлон өрийн санхүүжилтээр хийгддэг бөгөөд Lambda өнгөрсөн долоо хоногт нэмэлт 1 тэрбум ам.долларын өрийн санхүүжилт татсан. Зээлдүүлэгчид хэнд, ямар нөхцөлөөр мөнгө олгохдоо илүү сонголттой болж буй энэ үед одоо нэмэлт хөрөнгө босгох нь IPO-ийн үнийн түвшнийг тодорхойлохоос гадна олон нийтийн зах зээлийн хяналтад орохоос өмнө илүү их хөрөнгөтэй болох боломж олгоно.
Lambda IPO хийвэл дата төвийн бүтээн байгуулалтаа хувьцааныхаа үнээс хамааран санхүүжүүлдэг CoreWeave, Nebius зэрэг Nvidia-гийн дэмжлэгтэй бусад “неоклауд” компаниудын эгнээнд нэгдэнэ. Их Британийн Nscale компани өнгөрсөн сард IPO-д бүртгүүлэх өргөдөл гаргасан. Lambda, Coatue, Blackstone компаниуд хэвлэлийн хүсэлтэд даруй хариу өгөөгүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





