Ой, хээрийн гурван түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Есдүгээр сарын 14-17-нд дөрвөн аймаг, нэг дүүрэгт нийт найман түймрийн дуудлага бүртгэгджээ. Намрын хуурайшилт их, хур тунадас бага байгаа үед галын эх үүсвэр үүсгэхгүй байж, түймрийн эрсдэлийг бууруулахыг иргэдэд анхаарууллаа. Он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 153 тохиолдол бүртгэгдсэн байна.

Онцгой байдлын байгууллага есдүгээр сарын 17-ны байдлаар ой, хээрийн гурван түймрийг унтраах ажиллагаа үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Мөн энэ сарын 14-нөөс 17-нд дөрвөн аймаг, нэг дүүрэгт нийт найман түймрийн дуудлага бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд дуудлагын тоо дахин нэмэгдэж байгаа тул намрын хуурайшилттай үед галын аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлагатайг анхаарууллаа.
Гуравдугаар сараас зургаадугаар сарын 30 хүртэлх хугацаанд ойн түймэрт 3,704 га, хээрийн түймэрт 914.3 мянган га буюу нийт 918 мянга гаруй га талбай шатсан байна. Тоон мэдээллээс үзэхэд түймэрт өртсөн нийт талбайн дийлэнхийг хээрийн түймэр эзэлж байна.
Намрын улиралд хур тунадас багасч, хуурайшилт нэмэгдэх үед түймэр богино хугацаанд тархах эрсдэл өндөр байдаг тул иргэд ил задгай гал түлэх, үнс нурмаа бүрэн унтраалгүй орхих зэрэг гал түймрийн эх үүсвэр бий болгох үйлдлээс зайлсхийх шаардлагатайг албаныхан онцоллоо.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





