Өмнөд Солонгосын 30-аад насны 10 эрэгтэй хүний 6 нь таргалалттай байна
Өмнөд Солонгосын 30-аад насны эрэгтэйчүүдийн таргалалтын түвшин 2025 онд 59 хувьд хүрч, өмнөх оноос 9.9 нэгж хувиар огцом нэмэгджээ.

Өмнөд Солонгосын 30-аад насны эрэгтэйчүүдийн бараг 60 хувь нь таргалалттай байгааг тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн “2025 оны Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн судалгаа” харууллаа.
Судалгааг улсын хэмжээнд 192 бүсийн 4,800 өрхийн 10,000 орчим хүнийг хамруулан хийжээ. Оролцогчдоос асуулга авахаас гадна эрүүл мэндийн үзлэг хийж, хоол хүнсний хэрэглээг нь судалсан байна.
2025 онд эрэгтэйчүүдийн таргалалтын түвшин нийтдээ 49.1 хувьтай байсан бол 30-аад насныхны дунд 59 хувь, 40-өөд насныханд 53.3 хувь, 50-аад насныханд 54 хувь хүрчээ. Ялангуяа 30-аад насны эрэгтэйчүүдийн үзүүлэлт ганц жилийн дотор 9.9 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн таргалалтын түвшин мөн өмнөх оноос 2.5 нэгж хувиар өсч, 28.7 хувьд хүрчээ. Өмнөд Солонгосын насанд хүрэгчдийн таргалалт урт хугацаанд өсөх хандлагатай байна.
Хооллолтын хэв маяг ч сүүлийн арван жилд мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Нэг хүнд ногдох жимсний өдрийн дундаж хэрэглээ 2016 оны 169 граммаас 2025 онд 107.7 грамм болж 36 хувиар буурсан бол ундааны хэрэглээ 211.8 граммаас 34 хувиар нэмэгдэн 284.3 грамм болжээ. Үр тариа болон хүнсний ногооны хэрэглээ мөн буурсан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





