Өмнөд Солонгосын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дэх улиралдаа дараалан өслөө
Өмнөд Солонгосын компаниудын гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 20.52 тэрбум ам.долларт хүрчээ.

Өмнөд Солонгосын компаниудын гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны хоёрдугаар улиралд 20.52 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өслөө. Ингэснээр тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт дөрөв дэх улирал дараалан жилийн дүнгээр өссөн байна.
Өмнөд Солонгосын Эдийн засаг, сангийн яамны мэдээлснээр дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд хийсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийн 15.5 тэрбум ам.доллараас мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгджээ. Харин энэ оны нэгдүгээр улирлын 22.12 тэрбум ам.доллартай харьцуулахад бага зэрэг буурсан байна.
Яамны зүгээс хөрөнгө оруулалтын өсөлтийг санхүү, даатгалын компаниуд орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор олон улсын зах зээлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлажээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын компаниуд, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бизнесүүд гадаад зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
Өсөлтийг салбараар авч үзвэл санхүү, даатгалын салбарын хөрөнгө оруулалт 10.48 тэрбум ам.долларт хүрч, нийт дүнгийн талаас илүү хувийг дангаар бүрдүүлсэн байна. Харин үүний дараа үйлдвэрлэлийн салбар 3.57 тэрбум, мэдээлэл, харилцаа холбооны салбар 2.73 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын гадаад хөрөнгө оруулалт өмнөх оноос 265.3 хувиар огцом өссөнөөр хамгийн өндөр өсөлттэй салбараар бүртэгдсэн байна. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 7.5 хувиар буурлаа.
Бүс нутгаар задалж үзвэл Хойд Америк 9.19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар тэргүүлж, Ази 5.57 тэрбумаар, Европ 2.98 тэрбумаар, Төв болон Өмнөд Америк 2.14 тэрбум ам.доллароор удаалжээ. Азид чиглэсэн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 68.8 хувь, Хойд Америкийнх 50.3 хувиар нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Засгийн газар дэлхийн улс орнуудын мөнгөний бодлого болон хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөж буй үед гадаадын шууд хөрөнгө оруулалтын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн ажиглахаа мэдэгдлээ. Мөн тус улсын компаниуд гадаад зах зээлд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт төвлөрч буй гол орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





