egov.mn
ТехнологиАвтомат

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг

Дижитал шилжилтийн амжилт зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс бус, байгууллагын ажиллах арга барил, процесс, багийн бүтцийг зэрэг шинэчлэхээс хамаарч байна.

Хуваалцах
О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг

Дэлхийн компаниуд дижитал шилжилтэд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа ч шинэ технологи худалдаж авах нь дангаараа хүссэн үр дүнд хүргэхгүй байна. “McKinsey & Company”-ийн судалгаанд дурдсанаар байгууллагуудын дижитал шилжилтийн 70 гаруй хувь нь төлөвлөсөн зорилгодоо бүрэн хүрдэггүй.

Технологийн шинэчлэл амжилттай болох эсэхэд байгууллагын процесс, багийн бүтэц, шийдвэр гаргах арга барил чухал нөлөөтэй. Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар ч дэд бүтцийн хөгжлөөс дижитал үйлчилгээ, дата болон хиймэл оюунд түшиглэсэн дараагийн шат руу шилжиж буйг салбарын төлөөлөл онцолж байна.

“Юнител групп”-ийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал О.Тулга “Технологийн өөрчлөлтийн 70–80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барил, процессын шинэчлэл байдаг” хэмээн тодорхойлжээ.

Төслөөс бүтээгдэхүүн төвтэй загвар руу

Уламжлалт байгууллагууд технологийн шинэчлэлийг тодорхой эхлэх, дуусах хугацаатай төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх нь түгээмэл. Харин технологийн компаниуд бизнес, маркетинг, инженерчлэлийн мэргэжилтнүүдийг нэг багт нэгтгэж, тухайн бүтээгдэхүүний үр дүнг бүхэлд нь хариуцуулах загвар руу шилжсэн.

Тухайлбал, технологийн “Amazon” компанийн “Two-Pizza Team”, хөгжмийн стримингийн “Spotify” компанийн “Squad” зэрэг загвар нь жижиг, олон чиг үүргийн багуудад тодорхой хүрээнд бие даан шийдвэр гаргах боломж олгодог.

2006 онд үүрэн холбооны оператороор үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Юнител групп” медиа болон дижитал үйлчилгээний экосистемээ өргөжүүлэхийн хэрээр багуудаа олон чиг үүргийн буюу cross-functional зарчмаар ажиллуулах болсон гэж мэдээлжээ.

Ингэснээр технологийн өөрчлөлт бүрийг тусдаа төсөл гэж харахаас илүү бүтээгдэхүүн, үйлчилгээний тасралтгүй хөгжүүлэлтийн нэг хэсэг болгон удирдах боломж бүрдэж байна.

Хиймэл оюун хүнийг орлохоос илүү бүтээмж нэмэгдүүлэх хэрэгсэл болж байна

Хиймэл оюуны хэрэглээ харилцагчийн асуултад автоматаар хариулахаас хальж, сүлжээний ажиллагааг хянах, техникийн доголдлыг урьдчилан илрүүлэх, кибер халдлагыг таних зэрэг байгууллагын үндсэн үйл ажиллагаанд нэвтэрч байна.

“Юнител групп”-ийн мэдээлснээр орон даяарх сүлжээнд секунд тутам үүсдэг сая гаруй техникийн тохиолдол, дохиог хиймэл оюуны системээр тасралтгүй шинжилж, болзошгүй саатлыг урьдчилан илрүүлэхэд ашиглаж байгаа аж.

Харилцагчийн үйлчилгээний хувьд дуудлагын төвд сар бүр ирдэг 550,000–600,000 хүсэлтийн 50 орчим хувийг хиймэл оюуны оператор автоматаар шийдвэрлэж байна.

Хиймэл оюуны систем үр дүнтэй ажиллахын тулд байгууллагын дата нэгдсэн, ашиглах боломжтой байх шаардлагатай. “Юнител групп” технологийн “Dell Technologies” компанитай хамтран тархай байрласан мэдээллийг нэгтгэх Data Lakehouse архитектурыг нэвтрүүлсэн байна.

Data Lakehouse нь их хэмжээний түүхий дата хадгалах боломжийг өгөгдлийн сангийн бүтэцтэй хослуулсан архитектур бөгөөд байгууллагын мэдээллийг нэг дор боловсруулж, аналитик болон хиймэл оюуны системд ашиглах боломжийг бүрдүүлдэг.

Кибер аюулгүй байдлыг бүтээгдэхүүн бэлэн болсны дараа шалгах нь хангалтгүй

Дижитал үйлчилгээ өргөжихийн хэрээр кибер аюулгүй байдлыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төгсгөлд шалгадаг уламжлалт арга өөрчлөгдөж байна. Орчин үеийн DevSecOps зарчим нь программ хангамжийн хөгжүүлэлт, үйл ажиллагаа болон аюулгүй байдлыг нэг процесст нэгтгэж, хамгаалалтын шаардлагыг код бичих үеэс хэрэгжүүлэхэд чиглэдэг.

“Юнител групп”-ийн мэдээлснээр компанийн системд сар бүр халдлагын шинжтэй 10–20 сая и-мэйл ирдэг бөгөөд тэдгээрийн 98 хувийг хиймэл оюун болон автоматжуулсан системээр аюулгүй болгодог.

Тус групп дата төвдөө олон улсын Tier III стандартыг ашиглаж, кибер аюулгүй байдлын үйл ажиллагаагаа АНУ-ын Үндэсний стандарт, технологийн хүрээлэнгийн NIST тогтолцоонд тулгуурлан зохион байгуулдаг гэж мэдээлсэн. Мөн жилд хоёр удаа хөндлөнгийн аудит хийлгэж, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө кодын түвшний автомат аюулгүй байдлын туршилт хийдэг байна.

Байгууллагууд юунд анхаарах вэ?

Дижитал шилжилт хийхээр төлөвлөж буй байгууллагуудын хувьд шинэ программ, систем худалдан авахаас өмнө тухайн технологийг ямар процессоор, ямар бүтэцтэй баг ашиглахыг тодорхойлох шаардлагатай.

Шийдвэр гаргах олон шат дамжлагыг багасгаж, бүтээгдэхүүн хариуцсан жижиг багуудад тодорхой хүрээнд бие даан шийдвэр гаргах боломж өгөх нь өөрчлөлтийн хурдыг нэмэгдүүлэх нэг арга болж байна.

Үүний зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн IT нэгжийн хариуцах асуудал гэж үзэхээс илүү бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх бүх үе шатанд тусгах шаардлагатай. Систем болон датаны эрсдэлийг хараат бусаар үнэлүүлэх, тогтмол аудит хийлгэх, шаардлагатай үед мэргэшсэн технологи, кибер аюулгүй байдлын байгууллагатай хамтрах нь уг үйл явцын нэг хэсэг юм.

“Юнител групп”-ийн туршлагаас харахад дижитал шилжилтийн гол асуудал нь зөвхөн ямар шинэ технологи нэвтрүүлэхэд бус, байгууллага шинэ технологийг ашиглахын тулд ажиллах арга барилаа хэрхэн өөрчлөхөд төвлөрч байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
Технологи

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа…

1 мин унших
Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан
Технологи

Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан

“Wikipedia”-ийн өнгөрсөн тавдугаар сарын 7-нд гарсан хэсэгчилсэн доголдолд “OpenAI”-ийн ажиллуулсан гэж үзэж буй хиймэл оюуны агентуудын их хэмжээний автомат хандалт нөлөөлжээ.

2 мин унших