РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

БНТУ-ын Анталья хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) өндөр түвшний хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаанд улс орнуудын төрийн тэргүүний байгаль орчны асуудал хариуцсан тусгай элч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Эрчим хүч, Хөгжлийн асуудал хариуцсан сайд нар болон Элчин сайд нар оролцож, байр сууриа илэрхийлж байна. Монгол Улсаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар танилцууллаа. Тэрбээр COP31-ийг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүний эрх, байгаль орчныг хамгаалах, байгальд суурилсан эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд улс төрийн манлайлал, хамтын ажиллагаа, бодит хөрөнгө оруулалт, хэрэгжихүйц шийдвэр шаардлагатай байгааг илтгэлийнхээ эхэнд онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар, Ереван, Анталья хотноо зохион байгуулагдсан COP17, COP31 зэрэг олон улсын хуралдаан нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол гэсэн дэлхий нийтийн гурван хямралыг тус тусад нь шийдвэрлэх боломжгүйг харуулж байгааг тэмдэглэв. Иймд Монгол Улс COP31-ийн Ерөнхийлөгчийн санаачилсан Риогийн конвенцуудын уялдаа холбоог хангах үйл ажиллагааны бүлгийг дэмжиж, шинэ шатанд гаргахыг уриаллаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаар танилцуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь газар, ус, байгаль орчин, уур амьсгалын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэх бодит платформ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хуралдаанд оролцож буй улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхдээ байгаль орчны тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай эрчим хүчний шилжилтийг хурдасгах, үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, технологи, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Уулын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Динара Кемелова уулын экосистемийн доройтол нь зөвхөн тухайн бүс нутгаар хязгаарлагдахгүй. Харин бүс нутгуудын усны нөөц, хөдөө аж ахуй, эрчим хүчний хангамж, байгалийн гамшгийн эрсдэлд шууд нөлөөлдөг болохыг онцоллоо. Иймд шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, уулын экосистемд үзүүлж буй дарамт, нөлөөллийг хянах, мөсөн гол болон цасан бүрхүүлийн өөрчлөлтийг судлах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, уулын бүс нутагтай улс орнуудын дасан зохицох чадавхыг бэхжүүлэх санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Харин Люксембургийн Байгаль орчин, уур амьсгал, биологийн олон янз байдлын сайд Серж Вилмес халуун орны ойг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй шинэлэг санаачилгуудын нэг болох Хөгжлийн агентлагийн хөтөлбөрт 50 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон талаар танилцууллаа. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дэлхийн хэмжээний санхүүжилтийн санаачилгад хоёр сая евро хуваарилсан байна. Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах хүрээлэнтэй хамтран 15 сая еврогийн санхүүжилттэй “Climate Nexus Finance Facility” хөтөлбөрийг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бхупендер Ядав дэлхийн дулаарлын гол шалтгаан нь зарим улс орны олон зуун жилийн аж үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтийг дагалдан бий болсон хүлэмжийн хийн их хэмжээний ялгаруулалт болохыг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах ачааг хөгжиж буй орнуудад үүрүүлэхийн зэрэгцээ тэднээс илүү өндөр зорилт шаардах нь шударга бус гэдгийг тэмдэглэв. Иймд хөгжингүй орнууд уур амьсгалын санхүүжилтийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар, шуурхай биелүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Египет Улсын Орон нутгийн хөгжил, байгаль орчны сайд Манал Авад тус улс нь 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 42 хувьд хүргэх амлалтаа тууштай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Бенбан дахь нарны эрчим хүчний цогцолбор, Суэцийн булангийн салхин цахилгаан станцууд зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүч дамжуулах сүлжээ болон хуримтлуулах хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэлээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





