Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.

БНХАУ-ын технологийн “Tencent” компанийн дэмжлэгтэй хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Enflame” компани Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа хувьцааны ханш нь 206 хувиар өсч, дотоодын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдэд чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дахин зузаатгалаа.
Компанийн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад зориулсан IPO захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. “Enflame” IPO-гоор татсан хөрөнгөө тав, зургаа дахь үеийн хиймэл оюуны чип хөгжүүлэх болон шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ.
“Enflame” олон нийтэд нээлттэй компанийн статустай болсноор БНХАУ-ын хиймэл оюуны чипний салбарын “дөрвөн жижиг луу” хэмээн нэрлэгддэг компаниуд бүгд хөрөнгийн зах зээлд гарсан гэж зах зээлд үзэж байна.
Гэхдээ компанийн санхүүгийн үзүүлэлтүүд хөгжлийн эхний шатны технологийн бизнестэй төстэй хэвээр. “Enflame”-ийн орлого 2025 онд 990 сая юаньд хүрсэн ч компани ашигтай ажиллаагүй байна.
Дотоодын үйлдвэрлэгчдэд том орон зай үлджээ
Хятадын бодлого боловсруулагчид болон технологийн компаниуд дотоодын хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буй ч одоогийн зах зээлийн бүтэц олон улсын үйлдвэрлэгчдийн талд хэвээр байна.
“International Data Corporation”-ийн мэдээллээр, 2025 онд Хятадын хиймэл оюуны акселераторын зах зээлийн бараг 60 хувийг олон улсын үйлдвэрлэгчид эзэлжээ.
Иймээс “Nvidia” зэрэг гадаад үйлдвэрлэгчдийн эзлэх хувийг дотоодын компаниуд нөхөх боломж нээлттэй байгаа ч өрсөлдөөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс илүү бүтээгдэхүүний хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ болон программ хангамжийн экосистемээр шийдэгдэх төлөвтэй байна.
Хөрөнгө оруулагчдын өндөр сонирхол зөвхөн “Enflame”-аар хязгаарлагдсангүй. Өмнө нь хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “MetaX”-ийн хувьцааны ханш арилжааны эхний өдөр бараг 700 хувь, “Moore Threads”-ийнх 400 гаруй хувиар өссөн бол “Biren”-ийн IPO ханш 76 хувиар нэмэгджээ.
Мөн санах ойн чип үйлдвэрлэгч “CXMT”-ийн хувьцааны ханш STAR Market-д арилжаалж эхэлсэн өдөр бараг 466 хувиар өссөн нь Хятадын хагас дамжуулагчийн салбарт хөрөнгө оруулагчдын хүлээлт хэр өндөр байгааг харуулжээ.
Чипний хөрөнгө оруулалтын мөчлөг тэлж байна
“Goldman Sachs” наймдугаар сарын тайландаа Хятадад суурь хиймэл оюуны загвар болон хиймэл оюуны хэрэглээ өргөжихийн хэрээр чип, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, санах ой болон дэвшилтэт савлагааны эрэлт нэмэгдэнэ гэж тооцоолсон.
Тус байгууллагын тооцоогоор Хятадын хагас дамжуулагчийн салбарын хөрөнгө оруулалтын зардал 2030 он гэхэд 82 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
“Enflame”-ийн хувьд хөрөнгө оруулагчид дараагийн үеийн чипний хөгжүүлэлт, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах хурд болон орлогын өсөлтөө ашигт ажиллагаанд шилжүүлж чадах эсэхийг анхаарах төлөвтэй байна.
IPO-гийн дараах огцом өсөлт хөрөнгө оруулагчдын хүлээлтийг илтгэж байгаа ч Хятадын дотоодын үйлдвэрлэгчид олон улсын компаниудын одоогийн зах зээлийн байр суурийг өөрчлөхийн тулд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл болон технологийн экосистемийн чадавхаа зэрэг нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





