Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотноо хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулахдаа түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээвэр, сургууль болон авто замын сүлжээг цогцоор нь сайжруулах шаардлагатай гэж мэдэгдлээ.
Түүний өгүүлснээр, Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчиж байгаа бол тээврийн хэрэгслийн зорчилтын дундаж хурд 10.8 км/цаг болжээ.
Хэдхэн жилийн өмнө нийтийн тээврээр зорчдог иргэдийн эзлэх хувь 50 орчим байсан ч автобусны буудал, маршрутын хүртээмж хангалтгүйгээс хувийн автомашин сонгох хандлага нэмэгдсэн гэж хотын удирдлагууд тайлбарлав.
Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр байдаг бол нийслэлийн зарим бүсэд хамгийн ойрын буудал 4-өөс 5 км-ийн зайд байгааг онцоллоо.
Үүнийг өөрчлөхийн тулд нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээж, маршрутын нийт уртыг 27.3 км-ээр нэмэхээр төлөвлөжээ. Мөн нийтийн тээврийн паркт 60 цахилгаан автобус нэвтрүүлж, автобусны үндсэн шугам хүрдэггүй бүсэд дунд багтаамжийн 46 автобус үйлчилгээнд гаргана.
Дунд багтаамжийн автобусууд нь гэр хороолол болон захын бүсийн зорчигчдыг төв замын нийтийн тээврийн сүлжээтэй холбох зориулалттай.
Сурагчдын зорчих хөдөлгөөнийг бууруулахын тулд 84 сургууль барина
Сурагчдын амралтын үеэр Улаанбаатарын түгжрэл 45 орчим хувиар буурдаг. Хотын удирдлагууд уг үзүүлэлтийг сургуулийн хүртээмж муу байгаагаас хүүхдээ сургуульд хүргэх нь хотын хөдөлгөөнд томоохон нөлөө үзүүлдэгтэй холбон тайлбарлаж байна.
Нийслэлд одоогоор ерөнхий боловсролын 332 сургууль ажиллаж байгаа бөгөөд хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 84 шинэ сургууль барихаар төлөвлөжээ. Шинэ сургуулиуд ашиглалтад орсноор нийт хүчин чадал 70 мянган суудлаар нэмэгдэх тооцоотой.
Мөн сургалтын чанарын ялгаанаас шалтгаалан иргэд хүүхдээ гэрээсээ хол сургуульд хүргэдэг асуудлыг багасгахын тулд сургалтын чанар өндөр сургуулиудын салбар сургуулийг бусад бүсэд байгуулах чиглэлээр ажиллахаа хотын дарга мэдэгдэв.
Үүнээс гадна сургуулийн автобусны тоог 50-иар нэмэгдүүлж, сурагчдын сургууль хооронд болон гэрээс сургууль хүртэл зорчих хөдөлгөөнийг нийтийн тээврээр шийдэх боломжийг нэмэгдүүлнэ.
Хотын баруун, зүүн гарцыг нэмэгдүүлнэ
Авто замын бүтээн байгуулалтыг дөрвөн түвшний эрэмбээр төлөвлөх бөгөөд эхний ээлжид сургуульд ойр, нийтийн тээвэр зорчдог авто замуудад хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Дараагийн чиглэл нь хотын дэд төвүүдийг хооронд нь холбосон торлог замын сүлжээ байгуулах юм. Ингэснээр автомашинууд заавал төвийн гол замуудаар дамжихгүйгээр дэд төвүүдийн хооронд зорчих боломж нэмэгдэнэ гэж хотын удирдлагууд үзэж байна.
Мөн Улаанбаатарын хот руу орох, гарах авто замын гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор хотын баруун чиглэлд 16 аймаг руу зорчих урсгал үндсэндээ 22-ын товчоогоор дамждаг тул баруун чиглэлд зургаан эгнээ бүхий шинэ хурдны зам байгуулахаар төлөвлөсөн байна.
Зүүн чиглэлийн гарцыг мөн нэмэгдүүлэхээс гадна авто замын томоохон уулзваруудыг олон түвшний болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.

Нийслэлийн гол замуудад нарны цэнэгтэй LED тэмдэглэгээ суурилуулж эхэллээ
Энэ нь жолоочид замын чиглэл, эгнээний зааг болон замын ирмэгийг илүү тод харах нөхцөл бүрдүүлнэ. Уулын зам, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөнд нийт 976 ширхэг LED гэрэл байршуулсан байна. Замын хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой ажлуудад Нийслэлийн Замын сангаас нийт 5.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.