“Улсын аварга малчин”-ы шагналыг жилд нэг хүртэл иргэнд олгох хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилсан “Төрийн шагналын тухай” хуулийн төсөлд “Улсын аварга малчин” тэмдгийг жилд нэг хүртэл иргэнд олгохоор тусгажээ. Одоо мөрдөж буй журмаар жил бүр 100 хүртэлх малчныг улсын аваргаар шалгаруулдаг. Мөн “Чингис хаан”, “Улсын баатар” зэрэг төрийн бусад шагналын тоо, олгох давтамжид хязгаар тогтооно.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаачилсан “Төрийн шагналын тухай” хуулийн төсөлд төрийн шагналын төрөл, олгох давтамж, тоонд хязгаар тогтоох зохицуулалт тусгажээ. Төслийн 8.1.7.1-д “Улсын аварга малчин” тэмдгийг жилд нэг хүртэл иргэнд, 8.1.7.2-т “Аймгийн аварга малчин” тэмдгийг аймаг тус бүрээс жилд нэг хүртэл иргэнд олгохоор заасан байна. Шаардлага хангасан нэр дэвшигч байхгүй тохиолдолд тухайн жил шагнал олгохгүй байж болохоор мөн тусгажээ.
Санал болгож буй зохицуулалт нь одоо мөрдөж буй журмаас шагналын тооны хувьд эрс ялгаатай. Засгийн газрын журмаар “Улсын аварга малчин”-аар жил бүр 100 хүртэлх, “Улсын хошой аварга малчин”-аар найм хүртэлх малчныг шалгаруулах бөгөөд тэмээ голлон өсгөдөг нэг малчныг тусад нь улсын аваргаар шалгаруулахаар заасан байдаг.
Гэвч бодитоор шалгаруулсан малчдын тоо зарим жил журмын үндсэн тооноос давжээ. Засгийн газар 2026 онд 122 малчныг “Улсын аварга малчин”, тэмээ голлон өсгөдөг хоёр малчныг мөн улсын аварга, найман малчныг “Улсын хошой аварга малчин”-аар шалгаруулсан байна. 2025 онд улсын аварга малчнаар 151, улсын хошой аварга малчнаар 14 иргэнийг шалгаруулсан байна.
Хуулийн төсөлд “Улсын аварга малчин”-д нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийг зохистой ашиглах, малын тоо толгойн албан татвараа төлсөн байх, малын чанар, ашиг шимийг сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулах зэрэг шалгуур хангахаар тусгажээ.
С.Цэнгүүн төрийн шагналын зардал, олголтын тоог өмнө нь шүүмжилж байсан. Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 27-ны УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2023 онд 207 хүнд 1.7 тэрбум төгрөг, 2024 онд 292 хүнд 2.4 тэрбум төгрөгийг холбогдох шагналд зарцуулсан талаар дурдан, уг хөрөнгийг өөр хэрэгцээнд чиглүүлэх эсвэл төсвөөс бууруулах асуудлыг хөндөж байжээ. Тэрбээр төрийн шагнал татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждэгийг мөн онцолж байв.
Төсөл зөвхөн малчдын шагналаар хязгаарлагдахгүй. Тухайлбал, “Чингис хаан” одонг таван жилд нэг удаа нэг хүртэл иргэнд, “Улсын баатар” одонг гурван жилд нэг удаа нэг хүртэл иргэнд олгохоор тусгасан байна. “Төрийн шагналын тухай” баримт бичиг одоогоор хуулийн төсөл бөгөөд дээрх хязгаарууд хүчин төгөлдөр болоогүй юм. Төслийн зорилгыг төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, шалгуур болон олгох хязгаарыг нэг мөр тогтоож, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэхээр тодорхойлжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





