Валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрч, $8.4 тэрбум болжээ
Монголбанкны мэдээлснээр валютын нөөц долоодугаар сарын эцэстэй харьцуулахад 5.15 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн оны эцсээс хойш 19.52, мөн оны наймдугаар сарын эцэстэй харьцуулахад 47.3 хувиар өсөв. Гадаад валютын нөөц өнгөрсөн арванхоёрдугаар сард анх удаа долоон тэрбум ам.долларын босго давсан юм.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцэст анх удаа 8.4 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчиллээ.
Монголбанкны мэдээлснээр валютын нөөц долоодугаар сарын эцэстэй харьцуулахад 5.15 хувиар нэмэгджээ. Харин өнгөрсөн оны эцсээс хойш 19.52, мөн оны наймдугаар сарын эцэстэй харьцуулахад 47.3 хувиар өссөн байна.
Гадаад валютын нөөц өнгөрсөн арванхоёрдугаар сард анх удаа долоон тэрбум ам.долларын босго давсан. Улмаар оны эхээр бага зэрэг буурсан ч гуравдугаар сараас хойш өсөх чиглэлээ хадгалжээ.
Нөөц нэмэгдэхэд Төв банкны алт худалдан авалт өссөн, дотоодын арилжааны банкууд гадаадаас эх үүсвэр түлхүү татсан, мөн Монголын голлох эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Монголбанк наймдугаар сард 3.06 тонн орчим үнэт металл худалдан авч, оны эхний найман сард худалдан авсан үнэт металлын хэмжээ 11.9 тоннд хүрснээр өнгөрсөн оны мөн үеийнхээс 54.4 хувиар нэмэгджээ.
Наймдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын нөөц валютын төлбөртэй барааны импортын найм орчим сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Харин бараа болон үйлчилгээний нийт импортоор тооцвол зургаан сар орчмын хэрэгцээг санхүүжүүлэх хэмжээний нөөц бүрджээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





