Victoria Beckham Holdings Ltd анх удаа ашигтай ажилласнаа зарлаж, брэндийн эргэлтийн цэгийг баталгаажууллаа
Victoria Beckham Holdings Ltd ашигтай ажилласнаа анх удаа зарлаж, брэнд удаан үргэлжилсэн эргэлтийн цэгт хүрлээ. Даваа гарагт нийтэлсэн санхүүгийн тайлангаар 2025 онд 7.5 сая фунт стерлингийн ашигтай ажилласан байна. Энэ амжилт нь хөрөнгө оруулалт, өсөлтийн хөшүүргийг баталгаажуулж, цаашдын тэлэлтийн хүлээлтийг нэмэгдүүлнэ.

Victoria Beckham Holdings 2008 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа үйл ажиллагааны ашигтай ажилласнаа мэдээллээ. Компанийн 2025 оны үйл ажиллагааны ашиг 7.3 сая фунт стерлингт хүрсэн бол өмнөх онд 1.6 сая фунт стерлингийн алдагдалтай байжээ.
Тайлант хугацаанд борлуулалтын орлого 15 хувиар өсөж, 129.8 сая фунт стерлингт хүрсэн байна. Ингэснээр тус компанийн орлого тав дахь жилдээ дараалан 10-аас дээш хувиар өслөө. Хувцас загварын борлуулалт тогтвортой нэмэгдэж, 2019 онд нээсэн гоо сайхны салбар өнөөг хүртэлх хамгийн өндөр өсөлтөө үзүүлсэн нь компанийн орлогыг голлон дэмжжээ.
Victoria Beckham Beauty компанийн нийт орлогын гуравны хоёрыг бүрдүүлэх хэмжээнд хүрсэн байна. Ялангуяа арьс арчилгааны найрлагатай Foundation Drops бүтээгдэхүүний борлуулалт сайн байсан бол хувцасны салбарт хослол, ёслолын болон өдөр тутмын дээд зэрэглэлийн загварууд эрэлттэй байжээ. Netflix-ийн Викториа Бекхэмийн тухай баримтат цуврал ч брэндийн танигдах байдлыг нэмэгдүүлж, борлуулалтад эергээр нөлөөлсөн гэж үзэж байна.
Викториа Бекхэм “Ашигтай ажиллаж, өсөлтийн энэ үед хүрэхийн төлөө бид олон жилийн турш шаргуу ажилласан. Бизнест тулгарсан асуудлуудаа үргэлж нээлттэй ярьж ирсэн. Харин одоо хүндрэлээ даван туулж, боломждоо нийцсэн хурдаар өсөж байна” гэж Financial Times-д ярьжээ.
Тус компани олон жил алдагдалтай ажиллаж, Дэвид Бекхэмээс удаа дараа санхүүгийн дэмжлэг авч байв. Викториа Бекхэм 2017 онд компанийнхаа 30 хувийг NEO Investment Partners-д худалдаж, 30 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт татсан байна. Үүний дараа компани зардлаа хянах, удирдлагын бүтцээ шинэчлэх, хувцас загвар болон гоо сайхны бизнесээ зэрэг хөгжүүлэхэд анхаарчээ.
Компанийн гүйцэтгэх захирал Сибилла Даррикаррер Лунель анхны үйл ажиллагааны ашгаа тайлагнасныг “чухал эргэлтийн цэг” хэмээн тодорхойлсон байна. Түүний хэлснээр тансаг хэрэглээний зах зээл саарсан үед ийм үр дүнд хүрсэн нь сахилга баттай үйл ажиллагаа болон өмнөх жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүн ажээ.
Victoria Beckham Holdings одоо хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн чиглэлдээ тулгуурлан олон улсын зах зээл дэх байр сууриа тэлэхээр зорьж байна. Харин өсөлтөд дахин хөрөнгө оруулахын зэрэгцээ ашигт ажиллагаагаа тогтвортой хадгалах нь компанийн дараагийн гол сорилт болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





