Xbox Game Pass үүлэн тоглоомын “хязгааргүй” хэрэглээг зогсооно
АНУ-ын технологийн “Microsoft” компанийн Xbox нэгж Game Pass-ийн үүлэн тоглоомын үйлчилгээнд сарын хэрэглээний дээд хязгаар тогтоохоор боллоо. Тодруулбал, Game Pass Ultimate-ийн хэрэглэгчид сар бүр 15 цаг тоглох эрхтэй байх бол Premium хэрэглэгчид 10 цаг, харин Essential хэрэглэгчид таван цаг тоглох эрхтэй байхаар тогтоожээ. Сарын хязгаараа ашиглаж дууссан хэрэглэгч нэмэлт тоглох цаг худалдаж авах боломжтой бөгөөд “Microsoft” өөрчлөлтийг үйлчилгээний өсөн нэмэгдэж буй зардлыг удирдахтай холбон тайлбарлаж байна.

АНУ-ын технологийн “Microsoft” компанийн Xbox нэгж Game Pass-ийн үүлэн тоглоомын үйлчилгээнд сарын хэрэглээний дээд хязгаар тогтоохоор болжээ. Олон жилийн турш хугацааны хязгааргүй байсан үйлчилгээнд хийх уг өөрчлөлт ирэх арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм байна.
Шинэ журмаар хэрэглэгчийн үүлэн тоглоом тоглох боломж захиалгын түвшнээс хамаарах аж. Тодруулбал, Game Pass Ultimate-ийн хэрэглэгчид сар бүр 15 цаг тоглох эрхтэй байх бол Premium хэрэглэгчид 10 цаг, харин Essential хэрэглэгчид таван цаг тоглох эрхтэй байхаар тогтоожээ.
Сарын эрхээ ашиглаж дууссан хэрэглэгч нэмэлт тоглох цаг худалдаж авах боломжтой. Ингэснээр Game Pass-ийн үүлэн тоглоомын хэрэглээ зөвхөн сарын үндсэн захиалгаар хязгаарлагдахгүй ч өмнөх шигээ хязгааргүй хугацаанд тоглох эрхгүй болж байна.
Үүлэн тоглоомын зардал өссөөр байна “Microsoft” шийдвэрээ үүлэн тоглоомын хэрэглээ болон үйлчилгээ үзүүлэх зардлын тэнцвэрийг сайжруулах зорилготой гэж тайлбарлав.
Үүлэн тоглоом нь хэрэглэгчийн төхөөрөмж дээр тоглоомыг бүрэн ажиллуулахын оронд алсын сервер дээр боловсруулж, дүрс болон удирдлагыг интернэтээр дамжуулдаг үйлчилгээ юм. Ийм загвар нь серверийн хүчин чадал, дата төв болон сүлжээний нөөцийг тасралтгүй ашигладаг тул хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үйлчилгээ үзүүлэгчийн дэд бүтцийн зардал дагаж өсдөг.
Xbox-ийн шинэ зохицуулалт хэрэглээ ихтэй тоглогчдод хамгийн шууд нөлөөлнө. Тухайлбал, Ultimate-ийн хэрэглэгч сарын 15 цагийн эрхээ дуусгавал дараагийн сарын эрх нээгдэхийг хүлээх эсвэл нэмэлт цаг худалдаж авах шаардлагатай болно.
Ингэснээр Game Pass-ийн үүлэн тоглоомын үйлчилгээ арваннэгдүгээр сараас захиалгын төлбөрөөс гадна хэрэглэсэн хугацааг харгалздаг бүтэцтэй болж байна. “Microsoft”-ийн хувьд шинэ хязгаар нь үүлэн тоглоомын хэрэглээ өсөж буй үед дэд бүтцийн зардлыг удирдах арга хэмжээ болж байгаа бол хэрэглэгчдийн хувьд сарын захиалгаар авах үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөж буй хэрэг юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





