Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ
Зуун настны 94,298 буюу 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 13,379 нь эрэгтэй бөгөөд жилийн өмнөхөөс 7,914-өөр нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт төрөлтийн коэффициент 1.14 болж, түүхэн доод түвшинд хүрчээ. Тус улсын хүн ам 2020 оны 126.2 саяас 2070 онд ойролцоогоор 87 сая болж буурах төлөвтэй байна.

Японд 100 болон түүнээс дээш настай хүний тоо анх удаа 100 мянгыг давж, энэ сарын эхээр 107,677-д хүрснийг тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ. Зуун настнуудын тоо 56 дахь жилдээ дараалан өсч, шинэ дээд түвшин тогтоосон байна.
Зуун настны 94,298 буюу 87.6 хувь нь эмэгтэй, 13,379 нь эрэгтэй байна. Япон улс холбогдох статистикийг 1963 онд хөтөлж эхлэх үед 100-гаас дээш настай ердөө 153 хүн бүртгэлтэй байжээ. Уг тоо 1981 онд 1,000, 1998 онд 10 мянга, 2012 онд 50 мянгын босгыг тус тус давсан байна.
Тус улсын хамгийн өндөр настай эмэгтэй нь Киото хотод амьдардаг 114 настай Кишимото Фүёо бол өндөр настай эрэгтэй нь Кумамото хотын 112 настай Като Хикару юм. Мөн 2026 оны санхүүгийн жилд 54,294 хүн 100 наслах төлөвтэй байгаа бөгөөд Японы Засгийн газар тэдэнд Ерөнхий сайдын мэндчилгээ, дурсгалын бэлэг гардуулдаг уламжлалтай.
Урт наслалт өсч, төрөлт буурсаар байна
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Уэно Кэничиро анагаах ухааны хөгжил, амьдралын нөхцөл сайжирснаар олон хүн эрүүл, идэвхтэй урт насалж буйг онцолжээ. Үүний зэрэгцээ хүн амын насжилт эрчимжих үед нийгмийн хамгааллын тогтолцоог тогтвортой хадгалах шаардлагатайг тэрбээр тэмдэглэв.
Урт наслалт нэмэгдсэн ч төрөлт буурсаар байна. Өнгөрсөн онд нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоог илэрхийлдэг нийт төрөлтийн коэффициент 1.14 болж, түүхэн доод түвшинд хүрчээ.
Төрөлт буурахын хэрээр хөдөлмөрийн насны хүн ам, татвар төлөгчдийн суурь хумигдах эрсдэлтэй бол ахмад настны эзлэх хувь нэмэгдэх нь тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ болон асаргааны зардлыг санхүүжүүлэх хэрэгцээг өсгөнө.
2070 он гэхэд Японы хүн ам 87 саяд хүрэх төлөвтэй байна
Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн суурь төсөөллөөр тус улсын хүн ам 2020 оны 126.2 саяас 2070 онд ойролцоогоор 87 сая болж буурах төлөвтэй байна.
Мөн 65 болон түүнээс дээш насныхны эзлэх хувь 2020 оны 28.6 хувиас 2070 онд 38.7 хувь болж өсөх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, ирэх хэдэн арван жилд хүн ам цөөрөхийн зэрэгцээ ахмад настнуудын эзлэх жин улам нэмэгдэхээр байна.
Ерөнхий сайд Такаичи Санаэ энэ онд баримтлах бодлогын илтгэлдээ төрөлт болон хүн амын бууралтыг Японы эрч хүчийг аажмаар сулруулж буй “чимээгүй онц байдал” хэмээн тодорхойлсон. Хүн ам зүйн хоёр хандлага зэрэг үргэлжилж байгаа нь нийгмийн хамгааллын санхүүжилт, ажиллах хүчний хүрэлцээ болон эдийн засгийн урт хугацааны өсөлттэй холбоотой бодлогын хэлэлцүүлгийг улам чухал болгож байна.
Холбоотой мэдээ

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв
НҮБ-ын Ерөнхий ассамблей “Equal Earth” дэлхийн газрын зургийг албан ёсоор ашиглах тогтоол баталсан. Японы Засгийн газар уг дүрслэл нь тус улсын нутаг дэвсгэрийн талаарх албан ёсны байр суурьтай зөрчилдөж байна хэмээн эсэргүүцжээ. Маргаантай газар нутгийг олон улсын стандарт зурагт хэрхэн тэмдэглэх асуудал Японоос гадна Украин зэрэг улсын эсэргүүцэлтэй тулгарч байна.

Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл
Хүн үнэ цэнээ мэдрэхийн тулд гаднын ямар нэгэн шалгууртай өөрийгөө байнга харьцуулах зуршлаас татгалзахыг сэтгэл зүйчид зөлөж байна. Бусдын үнэлгээ, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл амжилтын хэмжүүрээр өөрийгөө тодорхойлох тусам хүн харьцуулалтад илүү өртөмтгий болдог. Өөрийгөө үнэлэх тогтвортой суурийг бий болгохын тулд өөрийн үнэт зүйл, хэрэгцээгээ таних нь чухал.

Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 'Ногоон өртөө' ашиглалтад орлоо
Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт 'Ногоон өртөө' нээгдэж, цахилгаан тээврийн дэд бүтцийг бодитоор нэмэгдүүллээ. Тус станц 15 автомашин зэрэг цэнэглэж, 5-30 минутад цэнэглэх сонголттой бөгөөд шөнийн хөнгөлөлттэй тарифтай. Засгийн газрын зорилтууд хэрэгжвэл тээврийн зардал буурч, түлшний импортын дарамт болон ялгарлын хэмжээ саарах хүлээлттэй.

Нийслэлийн нийт хүн амын тал хувьтай тэнцэх хэмжээний автомашин зорчиж байна
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж байна. Тэгш, сондгой зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойших хоёр өдрийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 645,784 тээврийн хэрэгсэл оролцсон байна. 2026 оны долдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн тоо 11 хувиар өсчээ.