Японы үйлчилгээний салбарын идэвхжил наймдугаар сард огцом нэмэгдлээ
Японы үйлчилгээний салбарын үйлчилгээний салбарын худалдан авалтын менежерийн индекс буюу PMI наймдугаар сард 52.5 нэгжид хүрч, өмнөх сараас 1.3 нэгжээр өсчээ. Дотоодын эрэлт сайжирсан ч экспортын шинэ захиалга тав дахь сардаа дараалан буурч, 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн огцом агшилтад хүрчээ. Компаниуд зардлаа хэрэглэгчдэд шилжүүлснээр үйлчилгээний үнэ түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр хурдаар өссөн нь бодлогын хүү дахин өсөх үндэслэлийг нэмэгдүүлэв.

Японы үйлчилгээний салбарын идэвхжил наймдугаар сард эрчимжиж, дотоодын эрэлт эдийн засгийн өсөлтийг дэмжиж буйг “S&P Global”-ийн судалгаа харууллаа. Тодруулбал, тус улсын үйлчилгээний салбарын худалдан авалтын менежерийн индекс буюу PMI наймдугаар сард 52.5 нэгжид хүрч, өмнөх сараас 1.3 нэгжээр өсчээ. PMI нь бизнесийн идэвхжилийг хэмждэг үзүүлэлт бөгөөд индекс 50 нэгжээс дээшилбэл өсөлтийг илтгэх бол буурвал, агшилтыг илэрхийлдэг. “S&P Global”-ийн мэдээлснээр Японы үйлчилгээний салбарын шинэ захиалга 26 дахь сардаа дараалан нэмэгдэж, өсөлтийн хурд нь долдугаар сарынхаас эрчимэсэн байна. Судалгаагаар хэрэглэгчдийн эрэлт тогтвортой байсан нь салбарын өсөлтийг голлон дэмжжээ. Харин экспортын шинэ захиалга тав дахь сардаа дараалан буурч, агшилтын хурд 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Үүний зэрэгцээ салбарын ажил эрхлэлт 12 дахь сардаа өсөлтийг үзүүлсэн ч компаниудын шинэ ажлын байр нэмэгдэх хурд сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрээд буй.
Үйлчилгээний үнэ эрчимтэй өсөв Компаниудын худалдан авдаг бараа, үйлчилгээний зардлын өсөлт сүүлийн 4 сарын доод түвшинд хүрсэн ч сүүлийн гурван жил хагасын дундажтай харьцуулахад өндөр хэвээр байна. Түүнчлэн компаниуд нэмэгдсэн өртгөө үйлчлүүлэгчдэд шилжүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ огцом өсчээ. Үйлчилгээний үнийн ийм огцом өсөлт цаашид тогтвортой үргэлжилбэл өрхийн хэрэглээний зардал нэмэгдэхээс гадна Японы инфляцын цаашдын төлөвт нөлөөлөхөөр байна. “S&P Global Market Intelligence”-ийн эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Аннабел Фиддесийн мэдээлснээр наймдугаар сарын PMI Японы үйлчилгээний салбарын өсөлтийн эрч нэмэгдсэнийг харуулж байна. Гэсэн хэдий ч зардлын өсөлт өндөр хэвээр байгаа нь ирэх саруудад инфляц дахин нэмэгдэх эрсдэлийг дагуулж буйг тэрбээр онцлов. Фиддесийн үзэж буйгаар эдийн засгийн идэвхжил зэрэгцэн сайжирч байгаа нь Японы Төв банк бодлогын хүүг дахин өсгөх үндэслэлийг нэмэгдүүлж байгаа юм. Харин үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг хамардаг Японы нийлмэл PMI наймдугаар сард 53.5 нэгжид хүрч, өмнөх сараас 0.8 нэгжээр өссөнөөр сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрэв. Харин бизнесийн итгэл долдугаар сарынхаас сайжирсан ч сүүлийн жилүүдийн түвшинтэй харьцуулахад сул хэвээр байгаа нь компаниуд эдийн засгийн цаашдын төлөвт болгоомжтой хандаж буйг харууллаа.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





