Жим Крамер: Зах зээлийн айдас нэмэгдсэн ч хэрэглэгчийн эрэлт боломж байгааг харуулж байна
CNBC-ийн Жим Крамер зах зээлийг тойрсон тасралтгүй сөрөг яриа өнөөдөр боломж болж хувирч байна гэж хэлэв 30 жилийн АНУ-ын Төрийн сангийн өгөөж 5.33%-д хүрч, Brent-ийн үнэ баррель нь 90 ам.доллароос давсан өдөр гол индексүүд буурав Тэрээр бонд, нефть, технологид айдас хэтрээд, үнэ суларсан нь аажмаар байр суурь нэмэх гарц гэж үзэв

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсч, газрын тосны ханш сүүлийн саруудад өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Гэвч CNBC-ийн Жим Крамер зах зээл дэх сөрөг хүлээлт хэт давамгайлсан өнөөгийн орчин хөрөнгө оруулагчдад боломж нээж болзошгүй гэж үзэж байна.
АНУ-ын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөж голлох индексүүд бууралттай хаагдсан мягмар гарагийн арилжаагаар 5.33 хувьд хүрч, Brent төрлийн газрын тосны ханш баррел тутамдаа 90 ам.долларыг давжээ. Бондын өндөр өгөөж, инфляцын дарамт болон газрын тосны ханшийн өсөлт зэрэг нь эрсдэлтэй хөрөнгийн үнэлгээнд нэг дор дарамт үзүүлж байгаа ч Крамер эдгээр хүчин зүйлтэй холбоотой зах зээлийн айдас "хэтэрсэн" байх боломжтойг онцолжээ.
Тухайлбал, газрын тосны ханш өндөр түвшинд хадгалагдах нь үйлдвэрлэгчдийг нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд түлхэц болж, цаашлаад үнийн өсөлтийг хязгаарлаж болзошгүй. Иймээс нэмэлт нийлүүлэлт зах зээлд орж ирвэл Brent-ийн ханш баррель тутамдаа 100 ам.доллароос "мэдэгдэхүйц хэмжээнд давахгүй" гэж Крамер таамаглаж байна.
Түүний үзэж буйгаар бондын зах зээлд мөн адил ижил төрлийн механизм үйлчилж болохоор байгаа юм. Тухайлбал бондын өгөөж өндөр түвшинд хүрэх тусам хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгдэж, бондын ханш өссөнөөр өгөөж эргэн буурах нөхцөл бүрдэх боломжтой. Тиймээс өнөөгийн өндөр өгөөжийг зах зээл цаашид зөвхөн нэг чиглэлд хөдөлнө гэсэн дохио гэж үзэхэд эрт байгааг Крамер санууллаа.
Технологийн салбарт Nasdaq 100 индексийн эсрэг шорт байр суурь түүхэн өндөр түвшинд хүрсэн энэ үед Крамер дата төвийн компаниудын хувьцааг шат дараатай нэмэх боломжийг харж байна. Тэрбээр CNBC-ийн Investing Club-ийн багцад багтдаг Cramer’s Charitable Trust сан хиймэл оюуны дэд бүтцэд шаардлагатай санах ойн чипийн эрэлт өндөр хэвээр байгааг харгалзан, хагас дамжуулагч болон санах ойн чип үйлдвэрлэгч "Micron Technology"-ийн хувьцааг худалдан авсныг дурджээ.
Хэрэглэгчдийн зарцуулалт эдийн засгийг дэмжсэн хэвээр
Крамерын хэт сөрөг байр сууринаас зайлсхийх өөр нэг үндэслэл нь АНУ-ын хэрэглэгчдийн зарцуулалт тэсвэртэй хэвээр байгаа явдал юм.
Орон байр, аяллын онлайн платформын үйлчилгээ үзүүлэгч "Airbnb" аяллын эрэлт хүчтэй хэвээр байгааг мэдээлсэн бол гэр ахуйн засвар, барилгын материалын жижиглэн худалдааны "Home Depot"-ийн үйл ажиллагаа сүүлийн таван жилийн хамгийн сайн улирлын түвшинд хүрснийг Крамер онцолжээ.
Энэ нь өндөр хүү, инфляцын дарамт үргэлжилж байгаа хэдий ч өрхийн хэрэглээ, тэр дундаа үйлчилгээний эрэлт огцом хумигдаагүйг харуулж байна. АНУ-ын эдийн засагт үйлчилгээний салбар томоохон байр суурь эзэлдэг тул хэрэглэгчдийн эрэлт тогтвортой байгаа нөхцөлд эдийн засаг болон зах зээлийн төлөвийг бүхэлд нь сөргөөр үнэлэхэд эрт гэж Крамер үзэж байна.
Гэхдээ тэрбээр зах зээл ёроолдоо хүрсэн, эсвэл эрсдэлүүд бүрэн арилсан гэж дүгнээгүй. Харин хөрөнгийн үнэ өмнөхөөс таатай түвшинд хүрч, зах зээл дэх айдас нэмэгдсэн нь урт хугацааны хөрөнгө оруулагчдад байр сууриа аажмаар нэмэх боломж бүрдүүлж болзошгүй гэж үзжээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчдын анхаарал зах зээлийг тойрсон сөрөг хүлээлтээс илүүтэй хэрэглэгчийн бодит эрэлт, компанийн гүйцэтгэл болон хөрөнгийн үнэлгээнд төвлөрөх шаардлагатайг Крамер онцолсон байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





