“Anthropic” нэгж хувьцаагаа 83 ам.доллароор үнэлж, нийт 81.3 тэрбум ам.доллар босгохыг зорьж байна
АНУ-ын хиймэл оюуны технологийн “Anthropic” компани IPO-ийнхоо нэгж хувьцааны санал болгох ханшийг 83 ам.доллароор тогтоож, өмнөх 70–78 ам.доллароос нэмэгдүүлжээ.

АНУ-ын хиймэл оюуны технологийн “Anthropic” компани IPO-ийнхоо нэгж хувьцааны санал болгох ханшийг 83 ам.доллароор тогтоож, өмнөх 70–78 ам.доллароос нэмэгдүүлжээ.
Компанийн мэдээлснээр “Anthropic” болон түүний долоон үүсгэн байгуулагч нийт 980 сая орчим хувьцаа худалдахаар болж, IPO-оор босгох хөрөнгийн хэмжээ 81.3 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Мөн нийт хувьцааны 956.35 саяыг “Anthropic” өөрөө, үлдсэн 23.65 саяыг одоогийн хувьцаа эзэмшигчид худалдахаар төлөвлөөд буй.
Ингэснээр компанийн өөрийн босгох хөрөнгийн хэмжээ андеррайтерийн шимтгэл болон бусад зардлыг хасахаас өмнө ойролцоогоор 79.38 тэрбум ам.доллар болох юм.
“SpaceX”-ийн түүхэн IPO-оос өндөр дүн Тус компани зургадугаар сард анхны IPO-оо хийж, эхний удаад нийт 75 тэрбум ам.доллар босгосон “SpaceX”-ийн үзүүлэлтийг давахаар зорижээ. Гэхдээ “SpaceX” нэмэлт хувьцааны опционыг хэрэгжүүлсний дараа нийт 85.7 тэрбум ам.доллар босгосон тул эцсийн дүнгээрээ тэргүүлсэн хэвээр байгаа юм.
“Anthropic”-ийн хувьцааг пүрэв гарагийн арилжаагаар Nasdaq биржид “ANT” тикерээр арилжиж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд компанийн зах зээлийн тохируулсан үнэлгээ 1.5 их наяд ам.долларт хүрэхээр тооцоолжээ.
Орлого нь 1,206 хувиар өссөн ч алдагдал өндөр хэвээр байна Анх 2021 онд байгуулагдсан “Anthropic” нь хиймэл оюуны Claude загвар болон программчлалын Claude Code хэрэгслээрээ зах зээлд танигдсан. Тус компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ голчлон байгууллагын хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд “OpenAI”, “Google”-тэй өрсөлдөж буй.
Компанийн танилцуулгад дурдсанаар энэ оны эхний есөн сарын хугацаанд орлого нь 33.24 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,206 хувиар өссөн байна. Өсөлтөд Claude Code хэрэгслийн эрэлт чухал нөлөө үзүүлжээ.
Гэвч “Anthropic” мөн хугацаанд 104 тэрбум ам.долларын цэвэр алдагдал тайлагнасан бөгөөд үүний дийлэнх нь хөрвөх өрийн хэрэгсэл болон дериватив өр төлбөрийн бодит үнэ цэнийн өөрчлөлттэй холбон тайлбарлажээ. 2025 оны эл үед цэвэр алдагдал 25.1 тэрбум ам.доллар байв.
Түүнчлэн аравдугаар сарын эцэст компанийн орлогын жилийн дүнгээр тооцсон хурд буюу “run-rate revenue” 81 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 10 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэхүү тоо нь бодитоор бүтэн жилд олсон орлого бус, тухайн үеийн орлогын түвшнийг жилд шилжүүлэн тооцсон дүн юм.
Технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалт Одоогоор“Anthropic”-ийн томоохон хувьцаа эзэмшигчдийн тоонд “Amazon”, “Google” компаниуд багтаж байгаа бөгөөд тус бүрийн эзэмшлийн үнэлгээ 100 тэрбум ам.доллароос давжээ. Үүнээс гадна “Google”, “Microsoft”, “Nvidia”, “AMD” зэрэг компани IPO-ийн үнээр нийт 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна.
“Anthropic” эдгээр компанийн үйлдвэрлэсэн чип, үүлэн тооцоолол болон дата төвийн дэд бүтцийн томоохон худалдан авагч юм.
Технологийн компаниудын хоорондын хөрөнгө оруулалт, нийлүүлэлт, худалдан авалтын ийм харилцан хамаарал нь хиймэл оюуны салбарын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч хөрөнгө оруулагчдын хувьд орлогын тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын өгөөжийг үнэлэх шаардлагыг нэмэгдүүлж буй.
“Anthropic”-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей IPO-ийн танилцуулгадаа хиймэл оюуны хөгжлийн үр өгөөжийг бодит болгохын зэрэгцээ технологийн эрсдэлийг анхааралтай удирдаж, санхүүгийн хувьд тогтвортой бизнес бий болгох шаардлагатайг онцолжээ. Тус компанийн IPO нь хиймэл оюуны салбарын ирээдүйн өсөлтөд хөрөнгө оруулагчид хэр өндөр үнэлгээ өгөхийг шалгах томоохон үйл явдал болохоор байгаа юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ




