АНУ-д автомашины өр шинээр машин худалдан авах үнийг давах тохиолдол нэмэгдэж байна
АНУ-д автомашины үнэ өсч, зээлийн хугацаа уртассанаар машинаа солих үед өмнөх зээлийн үлдэгдлээ шинэ зээл рүү шилжүүлэх худалдан авагчдын санхүүгийн ачаалал нэмэгдэж байна.

АНУ-д автомашины үнэ өсч, зээлийн хугацаа уртассанаар худалдан авагчид хуучин машинаа солих бүрдээ өмнөх өрийнхөө тодорхой хэсгийг дараагийн автомашины зээлд шилжүүлэх тохиолдол түгээмэл болж байна.
Автомашины зах зээлийн судалгааны “Edmunds”-ийн тооцоогоор зээлийн үлдэгдэл нь машины зах зээлийн үнээс давсан автомашиныг худалдан авах үеийн дундаж зөрүү 2015 онд 4,576 ам.доллар байсан бол 2026 оны хоёрдугаар улиралд 6,884 ам.долларт хүрчээ. Өдгөө ийм хэлцлийн дөрөвний нэг орчимд зээлийн үлдэгдэл машины үнээс 10 мянга гаруй ам.доллароор давж байна.
Машины үнэ өсч, зээлийн хугацаа уртасчээ
Өрийн хэмжээ нэмэгдэхэд шинэ автомашины үнийн өсөлт голлон нөлөөлж байна. “Edmunds”-ийн мэдээллээр шинэ автомашины дундаж гүйлгээний үнэ 2019 оноос хойш 31 хувиар өсч, 37,310 ам.доллароос 48,963 ам.доллар болжээ.
Үүний зэрэгцээ худалдан авагчид сарын төлбөрөө боломжийн түвшинд барихын тулд илүү урт хугацаатай зээл сонгох болсон байна. АНУ-ын Холбооны нөөцийн банкны мэдээллээр 2010 онд санхүүгийн компаниудаас олгосон шинэ автомашины зээлийн дундаж хугацаа 60 сар орчим байв. Харин “Edmunds”-ийн тооцоогоор өдгөө дундаж хугацаа 70 сар болжээ.
Шинэ автомашинаа зээлээр авч буй хэрэглэгчдийн дөрөвний нэг орчим нь 84 сар буюу долоон жил болон түүнээс урт хугацаатай зээл сонгож байгаа нь түүхэн дээд үзүүлэлт юм.
Урт хугацаатай зээлийн эхний жилүүдэд үндсэн өр харьцангуй удаан буурдаг. Харин автомашины зах зээлийн үнэ ашиглалтад орсон цагаас эхлэн буурдаг тул машинаа хэдхэн жилийн дараа солих үед зээлийн үлдэгдэл нь тухайн машины үнээс өндөр хэвээр байх эрсдэлтэй.
“Edmunds”-ийн тооцоогоор энэ ангилалд орсон автомашины дундаж нас дөрвөн жил байна. Автомашины үнэлгээний “Kelley Blue Book”-ийн мэдээллээр шинэ автомашин энэ хугацаанд анхны үнийнхээ бараг талыг элэгдлээр алдах боломжтой.
Өмнөх өр дараагийн машин руу шилжиж байна
Зээл нь дуусаагүй машинаа худалдахад үлдэгдэл нь автоматаар арилдаггүй. Худалдан авагч зөрүүг бэлнээр төлөхгүй бол өмнөх автомашины төлөгдөөгүй өрийг шинэ машины зээлд нэмж санхүүжүүлэх боломжтой. Ингэснээр шинэ зээлийн хэмжээ болон нийт хүүний зардал өснө.
“Edmunds”-ийн тооцоогоор энэ оны нэгдүгээр улиралд өмнөх машины сөрөг өмчийг шинэ автомашины зээлд шилжүүлсэн худалдан авагчдын 43 хувь нь 84 сарын хугацаатай зээл сонгожээ. Өөрөөр хэлбэл, сарын төлбөрийн өсөлтийг хязгаарлахын тулд өр төлөх хугацаагаа улам сунгах хандлага ажиглагдаж байна.
Техасын Уичито-Фоллс хотын “Always Auto” автомашины худалдааны компанийн эзэн Жош Лэтсис ийм нөхцөлтэй хэрэглэгчидтэй өдөр бүр таардаг гэжээ. Түүний дурдсан нэг тохиолдолд 2025 оны “Ram 3500” автомашин 58 мянган ам.доллароор үнэлэгдсэн ч эзэмшигчийн зээлийн үлдэгдэл 79 мянган ам.доллар байсан тул 21 мянган ам.долларын зөрүү үүссэн байна.
Урьдчилан төлөх боломжгүй байсан тул тухайн хэрэглэгч машинаа сольж, сарын төлбөрөө бууруулах сонголт хязгаарлагдмал байжээ. Лэтсис ийм үед одоо байгаа зээлээ үргэлжлүүлэн төлж, үлдэгдлийг бууруулах нь боломжит хувилбар гэж тайлбарласан байна.
Автомашины салбарын шинжээч Иван Друригийн тайлбарласнаар өмнөх зээлээс 5,000-10,000 ам.долларын өрийг дараагийн машин руу шилжүүлэх шаардлагатай болсон үед сарын төлбөрийг огцом өсгөхгүй байх хамгийн энгийн арга нь зээлийн хугацааг дахин нэг, хоёр жилээр сунгах юм. Гэвч сарын төлбөр өмнөхтэй ижил харагдсан ч худалдан авагчийн нийт өр буурсан гэсэн үг биш. Харин автомашинаа ойр ойрхон сольж, өмнөх өрөө шинэ зээлд үргэлжлүүлэн шилжүүлбэл зээлийн хугацаа уртасч, хэрэглэгч автомашиныхаа зах зээлийн үнээс өндөр өртэй хэвээр үлдэх давтамж үргэлжлэх эрсдэлтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





