Азийн хөгжлийн банк Монгол Улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад $3 саяын буцалтгүй тусламж олгоно
Азийн Хөгжлийн Банк хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод үзүүлэх үйлчилгээг сайжруулах 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийг баталлаа. Төслийн хүрээнд дөрвөн сургуулийн дотуур байрыг шинэчилж, 12 сургуульд хүчирхийлэл болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр 19,500 орчим сурагч хамрагдана. Төсөл нь сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулахаас гадна хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад үзүүлэх үйлчилгээ болон төрийн бодлого, институцийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэнэ.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн санхүүжилтийн байгууллага “Азийн Хөгжлийн Банк” Монгол Улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг сайжруулах зорилгоор 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл баталлаа.
Санхүүжилтийн 1 сая ам.долларыг “Азийн хөгжлийн сан”, үлдсэн 2 сая ам.долларыг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан”-гаас гаргана. Монгол Улсын Засгийн газар төслийн хэрэгжилтэд нэмж 1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.
19,500 орчим сурагчийн орчныг сайжруулна
“Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах” төслийн хүрээнд дөрвөн сургуулийн дотуур байрны аюулгүй байдал, хамгаалалт болон гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулна. Шинэчлэлийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулан нийт 19,500 орчим сурагчид илүү аюулгүй, хүртээмжтэй суралцах орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн 12 сургуульд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнд сургалтын материалыг шинэчлэх, багш, ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна сургууль болон цахим орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс сэргийлэх цахим аюулгүй байдлын санаачилгууд багтаж байна.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонгийн хэлснээр төсөл нь хүүхэд, залууст аюулгүй суралцах орчин бүрдүүлэхийн зэрэгцээ жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад үзүүлэх үйлчилгээ, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой.
Тэрбээр сургууль, олон нийт, үйлчилгээ үзүүлэгчид болон бодлого тодорхойлогчидтой хамтран шинэ арга барил туршиж, үр дүнтэй шийдлүүдийг Засгийн газрын хөтөлбөрөөр дамжуулан илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжтойг онцолжээ.
Хүчирхийллийн тохиолдол мэдээлэгдэхгүй үлдэх эрсдэл өндөр
Монгол Улс хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүй, бодлогын орчноо сайжруулж байгаа ч эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл томоохон сорилт хэвээр байгааг АХБ тэмдэглэв. Тус банкны мэдээлснээр 15-64 насны эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь дотно хамтрагчийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд нийгмийн хандлагаас шалтгаалан зарим хохирогч, ялангуяа орон нутагт тохиолдлоо мэдээлэхгүй, шаардлагатай тусламж үйлчилгээнд хамрагдахгүй үлдэж байна.
Үүний зэрэгцээ хүүхэд, залуусын дунд сургуулийн орчин дахь хүчирхийлэл, цахим дээрэлхэлт болон цахим орчинд хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгдэж буйг АХБ онцолжээ.
Шинэ төслөөр хүчирхийллийн даван туулагчид болон эрсдэлт нөхцөлд байгаа залууст урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, чадавхжуулах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон анхан шатанд тусламж үзүүлдэг бусад мэргэжилтний чадавхыг бэхжүүлнэ.
Төслийн өөр нэг чиглэл нь эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бодлого болон байгууллагын тогтолцоог сайжруулахад чиглэжээ. Ялангуяа цахим орчинд шинээр үүсэж буй хүчирхийллийн хэлбэрүүдэд хариу арга хэмжээ авах механизмыг боловсронгуй болгохыг зорьж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





