Чинээлэг гэр бүлүүдийн хөрөнгө оруулалтын багцын 60 хувийг уламжлалт бус хөрөнгө бүрдүүлж байна
“Goldman Sachs Alternatives”-ийн судалгаанд хамрагдсан Европын чинээлэг хөрөнгө оруулагчдын 47 хувь нь хиймэл оюун болон ирээдүйн технологийн өсөлтөд оролцох хамгийн тохиромжтой арга замыг уламжлалт…

Европын чинээлэг хөрөнгө оруулагчид хиймэл оюун болон ирээдүйн технологийн өсөлтөд оролцохдоо уламжлалт хөрөнгийн зах зээлээс гадуурх хөрөнгө оруулалтын хэрэгслийг АНУ-ын хөрөнгө оруулагчдаас илүүтэй сонирхож байгааг “Goldman Sachs Alternatives”-ийн шинэ судалгаа харууллаа.
Тус байгууллага өнгөрсөн зургаадугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 18-ны хооронд АНУ болон Европын таван улсын 2,000 чинээлэг хөрөнгө оруулагчийг хамруулан судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчид өөрийн улсын мөнгөн тэмдэгтээр дор хаяж нэг саяын хөрөнгө оруулах боломжтой активтай байсан аж.
Европын оролцогчдын 47 хувь нь хиймэл оюун болон ирээдүйн технологийн өсөлтөд оролцох хамгийн тохиромжтой хэрэгслийг уламжлалт бус хөрөнгө оруулалт гэж үзсэн бол АНУ-д энэ үзүүлэлт 24 хувь байжээ.
Энэ нь биржээр арилжаалагддаг хувьцаа, уламжлалт бонд зэрэг хөрөнгөөс гадна биржид бүртгэлгүй компанийн өмчийн хөрөнгө оруулалт, венчур капитал, хувийн зээл, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц болон хедж сан зэрэг хөрөнгө оруулалтын төрөл, стратегийг хамардаг.
Биржид бүртгэлгүй компаниуд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна
Уламжлалт бус хөрөнгийн бүтээгдэхүүн эзэмшдэг Европын хөрөнгө оруулагчдын 62 хувь нь биржид бүртгэлгүй компаниудын өмчийн хөрөнгө оруулалтад байршуулсан байна.
Мөн 51 хувь нь хувийн зах зээлийн үл хөдлөх хөрөнгөд, 37 хувь нь хедж санд, 31 хувь нь венчур капиталд, 30 хувь нь хувийн дэд бүтцэд хөрөнгө оруулжээ.
Эдгээр хөрөнгө оруулалт нь биржид бүртгэгдэхээс өмнөх технологийн компаниуд, дата төв, эрчим хүчний дэд бүтэц зэрэг хиймэл оюуны салбарын өсөлттэй холбоотой бизнесүүдэд хөрөнгө оруулах боломж олгодог.
Хөрөнгө оруулагчдын 1/4 нь уламжлалт бус хөрөнгийн зах зээлд шинээр нэвтрэх сонирхолтой байна
Европын судалгаанд оролцогчдын 82 хувь нь уламжлалт бус хөрөнгө оруулалтын талаар мэдлэгтэй гэж хариулсан бол АНУ-д энэ үзүүлэлт 50 хувь байжээ.
Одоогоор альтернатив хөрөнгө эзэмшдэггүй Европын оролцогчдын 25 хувь нь ирэх 12 сарын хугацаанд уг зах зээлд хөрөнгө оруулах магадлалтай гэж хариулсан бол энэ үзүүлэлт АНУ-д 11 хувьтай байна.
Харин альтернатив хөрөнгө эзэмшдэг Европын хөрөнгө оруулагчдын 26 хувь нь ирэх хоёр жилд хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бол таван хувь нь бууруулах бодолтой байна.
Тэдний 89 хувь нь уламжлалт бус хөрөнгө оруулалтдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол 44 хувь нь хөрөнгө оруулалтын үр дүн хүлээлтээс давсан, 54 хувь нь хүлээлттэй нийцсэн гэж хариулсан байна.
“BNY Wealth”-ийн 2026 онд дэлхийн 290 гэр бүлийн хөрөнгө удирдах байгууллагыг хамруулсан судалгаагаар уламжлалт бус хөрөнгө оруулалт тэдний багцын 60 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өмнөх жилийнхээс 12 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн судалгаанд оролцсон байгууллагуудын 56 хувь нь ирэх 12 сард дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хиймэл оюуны дата төв, цахилгаан эрчим хүчний сүлжээний өргөжилт нь энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын боломжуудын нэг болж байна.
“JPMorgan Asset Management”-ийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Дэн Уоткинс аравдугаар сард мэдээлснээр тус компанийн бүс нутаг дахь хувийн баялгийн уламжлалт бус хөрөнгө оруулалт өмнөх 12 сарын хугацаанд 40 хувиар өсчээ.
Гэхдээ энэ төрлийн хөрөнгө оруулалт нь уламжлалт биржийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хөрвөх чадвар хязгаарлагдмал, үнэлгээ тогтооход хүндрэлтэй, удирдлагын шимтгэл өндөр байх зэрэг эрсдэл дагуулдаг байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





