Балбын үерийн хохирол 2.56 тэрбум ам.долларт хүрчээ
Балбад өнгөрсөн долоо хоногт болсон гамшигт үерийн улмаас орон сууц, үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцэд дор хаяж 2.56 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Үерт нэрвэгдсэн бүсүүдэд 20,000 орчим орон сууцыг сэргээн барих шаардлагатай бөгөөд 7,500 гаруй нь бүрэн сүйдсэн байна. Сэргээн босголтын эхний дөрвөн сард зам, түр орон байр, ундны ус болон цахилгаан хангамжийг сэргээхэд 52.6 сая орчим ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ.

Балбад өнгөрсөн долоо хоногт болсон гамшигт үерийн улмаас орон сууц, үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцэд дор хаяж 387.5 тэрбум Балба рупи буюу 2.56 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тус улсын гамшгийн асуудал хариуцсан байгууллага мэдээллээ.
Балбын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний газрын дарга Дарма Раж Упрети “Reuters”-т мэдээлэхдээ сэргээн босголтын эхний дөрвөн сарын зардлыг 52.6 сая орчим ам.доллар гэж урьдчилан тооцоолсныг хэлжээ. Уг хөрөнгийг эвдэрсэн замуудыг засах, түр орон байр барих, ундны усаар хангах, цахилгаан хангамжийг сэргээхэд зарцуулах шаардлагатай.
Упретигийн хэлснээр дээрх дүн нь холбогдох төрийн байгууллага, агентлагуудтай хамтран гаргасан урьдчилсан тооцоо бөгөөд хохирлын нарийвчилсан үнэлгээг удахгүй хийхээр төлөвлөжээ.
Үерт нэрвэгдсэн бүсүүдэд 20 мянга орчим орон сууцыг сэргээн барих шаардлагатай байгаагаас дор хаяж 7,500 нь бүрэн сүйдсэн байна. Олон мянган хүн мөн орон гэрээ орхин нүүхэд хүрчээ.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балбын Хятадтай хиллэдэг бүсэд мөсөн гол нурж, мөс, чулуу, шаврын асар их урсгал Тришули гол дагуу бууснаар эхэлсэн юм. Үер хот, суурингуудыг сүйтгэж, 1,250 гаруй хүн амиа алдсан бол 4,200 гаруй хүн одоогоор сураггүй хэвээр байна.
Хохирлын хэмжээ нэмэгдэхийн хэрээр Балбын хувьд эхний ээлжид үндсэн дэд бүтэц, цахилгаан, ундны ус болон түр орон байрны хүртээмжийг сэргээх нь сэргээн босголтын гол зорилт болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





