Бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчээ "сонгох" эрхтэй юу?: БНСУ-ын кафе эрэгтэй сурагчдад үйлчлэхээс татгалзаж байна
Өмнөд Солонгосын нэгэн кафе дунд болон ахлах сургуулийн эрэгтэй сурагчдад үйлчлэхгүй гэдгээ зарласан нь олон нийтийн дунд маргаан үүсгэлээ. Кафены эзэн эрэгтэй сурагчдын хараалын үг, эмх замбараагүй үйлдэл давтагдсан тул ийм хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй болсон гэж тайлбарлажээ. Солонгосын Хүний эрхийн үндэсний комисс тодорхой хүн ам зүйн бүлгийг үйлчилгээ, орон зайнаас бүхэлд нь хасахыг ялгаварлан гадуурхалт гэж үздэг.

Өмнөд Солонгост нэгэн кафе дунд болон ахлах сургуулийн эрэгтэй сурагчдад үйлчлэхээс татгалзсан нь бизнес эрхлэгч үйлчлүүлэгчээ сонгох эрхтэй эсэх, эсвэл ийм бодлого нь ялгаварлан гадуурхалт мөн үү гэсэн маргааныг дахин өрнүүллээ.
Нэр, байршил нь нийтэд тодорхой болоогүй тус кафены үүдэнд байрлуулсан мэдэгдлийн зураг есдүгээр сарын 1-нд цахим орчинд тархжээ. Мэдэгдэлд дунд болон ахлах сургуулийн эрэгтэй сурагчдад үйлчлэхгүй гэж бичсэн байв.
Кафены эзний тайлбарласнаар эрэгтэй сурагчид хараалын үг ихээр хэрэглэж, бусад үйлчлүүлэгчийн тав тухыг алдагдуулах хэмжээний эмх замбараагүй байдал удаа дараа үүсгэжээ. Тиймээс уг хязгаарлалтыг зайлшгүй гаргасан шийдвэр хэмээн тайлбарлаж, үйлчлүүлэгчдээс ойлгохыг хүссэн байна.
Бизнесийн эрх үү, ялгаварлан гадуурхалт уу?
Шийдвэр цахим орчинд хоёр талын байр суурь дагууллаа. Кафены эзнийг дэмжсэн зарим хэрэглэгч өсвөр насныхны бүдүүлэг үг хэллэг, зохисгүй үйлдэлтэй холбоотой асуудал энгийн чимээ шуугианаас хэтэрсэн тохиолдолд бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдээ хязгаарлах эрхтэй гэж үзжээ. Зарим нь эзнийг ийм шийдвэрт хүргэх хэмжээний асуудал өмнө нь гарсан байх магадлалтайг онцолсон байна.
Харин эсрэг байр суурьтай хүмүүс тодорхой сурагчдын гаргасан зөрчлийг нас, хүйсээр нь бүхэл бүтэн бүлэгт хамаатуулж, үйлчилгээ авахаас нь урьдчилан хасах нь ялгаварлан гадуурхсан бодлого гэж шүүмжилжээ.
Өмнөд Солонгост тодорхой бүлгийн хүмүүсийг кафе, ресторан зэрэг үйлчилгээний газарт нэвтрүүлэхгүй байх үзэгдэл сүүлийн 10 орчим жилд өргөжсөн. Анх хүүхэдтэй үйлчлүүлэгчдийг хязгаарласан “хүүхэдгүй бүс” олны анхаарлыг татаж байсан бол дараа нь нас, хүйс болон бусад шинжээр үйлчлүүлэгчдийг хязгаарласан тохиолдлууд гарах болжээ.
Улмаар ийм бодлогыг ерөнхийд нь “хэн нэгэнгүй бүс” гэж нэрлэх болсон бөгөөд үйлчилгээний газрын өмчлөгчийн эрх, үйлчлүүлэгчийн тэгш хүртээмж хоёрын зааг хаана байх ёстой вэ гэсэн асуудал дагуулж байна.
Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын байр сууриар тодорхой хүн ам зүйн бүлгийг хувь хүний үйлдлийг нь харгалзахгүйгээр орон зай, үйлчилгээнээс бүхэлд нь хасах нь ялгаварлан гадуурхалтад тооцогдоно. Иймээс “эрэгтэй сурагчгүй бүс”-ийн маргаан зөвхөн нэг кафены дотоод журам бус, Өмнөд Солонгост улам түгээмэл болж буй үйлчлүүлэгчийг бүлгээр нь хязгаарлах практиктай холбоотой асуудлыг дахин сөхөж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





