БНСУ болон АНУ хамтарсан цэргийн сургуулилтын хугацааг тал хувиар бууруулна
БНСУ болон АНУ жил бүр зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилтынхаа хугацааг тал орчим хувиар богиносгохоор шийдвэрлэлээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний мэдээлснээр, талуудын Ulchi Freedom Shield хэмээх хамтарсан сургуулилт энэ сарын 17-21-ний хооронд үргэлжилнэ. "The Wall Street Journal"-ийн мэдээлснээр Дональд Трамп Ким Жон Унтай энэ намар багтаан уулзах бэлтгэлийг хангахыг зөвлөхүүддээ үүрэг болгосон байна.

БНСУ болон АНУ жил бүр зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилтынхаа хугацааг тал орчим хувиар богиносгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагонд сургуулилтын цар хүрээг мэдэгдэхүйц бууруулах чиглэл өгсөнтэй холбоотой бөгөөд тэрбээр БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай энэ намар уулзах боломжийг эрэлхийлж байна.
БНСУ-ын Зэвсэгт хүчний мэдээлснээр, талуудын Ulchi Freedom Shield хэмээх хамтарсан сургуулилт энэ сарын 17-21-ний хооронд үргэлжилнэ. Анх сургуулилтыг энэ сарын 27 хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байжээ.
"The Wall Street Journal"-ийн мэдээлснээр Дональд Трамп Ким Жон Унтай энэ намар багтаан уулзах бэлтгэлийг хангахыг зөвлөхүүддээ үүрэг болгосон байна. Ингэснээр Вашингтон болон Пёньяны хооронд төрийн тэргүүнүүдийн шууд харилцаанд тулгуурласан дипломат яриа хэлэлцээг дахин сэргээх боломж бүрдэх юм.
Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Ким Жон Унтай хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд анхны дээд хэмжээний уулзалт нь 2018 онд Сингапурт болсон. Харин энэ удаагийн уулзалтыг Трампын Азид хийх дараагийн айлчлалтай давхцуулан зохион байгуулах хувилбар яригдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн ням гарагт Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд БНСУ-тай хийх хамтарсан сургуулилтыг “мэдэгдэхүйц хэмжээгээр” хумих чиглэл өгсөн бөгөөд үүний дараа Сөүл сургуулилтын хугацааг богиносгох шийдвэрээ танилцуулаад буй.
Энэ алхам нь Трампын засаг захиргаа Пёньянтай дипломат харилцаагаа сэргээх сонирхлоо нэмэгдүүлж буйн дохио болж байна. Гэхдээ нөгөө талд 70 гаруй жилийн түүхтэй АНУ болон БНСУ-ын батлан хамгаалахын холбоонд тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй юм.
Энэ жилийн Ulchi Freedom Shield сургуулилтын хүрээнд команд штабын сургуулилтаас гадна 14 удаагийн хамтарсан хээрийн сургалт зохион байгуулж, БНСУ-ын 18,000 орчим цэргийн алба хаагч оролцохоор төлөвлөж байсан талаар "Associated Press" мэдээлжээ.
Хамтарсан сургуулилтыг ийнхүү хумих нь зөвхөн батлан хамгаалахын асуудал бус Зүүн хойд Азийн геополитикийн эрсдэлд ч нөлөөлөхөөр байна. АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээ сэргэх эсэх, Вашингтон-Сөүлийн холбоотны харилцаа хэрхэн өөрчлөгдөх нь бүс нутгийн тогтвортой байдал, улмаар хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээнд анхаарах гол хүчин зүйлсийн нэг хэвээр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





