Бритиш сургуулийн долоон сурагч Кембрижийн олон улсын шалгалтаас 10 шагнал хүртжээ
Улаанбаатар дахь Бритиш сургуулийн долоон сурагч 2026 оны Cambridge Outstanding Learner Awards-аас нийт 10 шагнал хүртжээ.

Монгол хүүхдүүдийн оюуны чадамж, боловсролын түвшин дэлхийн жишигт хүрч буйг илтгэх бас нэгэн бахархам амжилтыг Улаанбаатар дахь Бритиш сургуулийн (BSU) сурагчид бүтээлээ. Тус сургуулийн долоон сурагч 2026 оны “Кембрижийн шилдэг суралцагчдын шагнал” (Outstanding Cambridge Learner Awards)-аас нийт 10 шагналын эзэд болж, олон улсын тавцанд сургууль болон эх орныхоо нэрийг өндөрт өргөв.
Дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг Cambridge IGCSE, International AS болон A Level шалгалтын гүйцэтгэлд үндэслэн олгодог энэхүү нэр хүндтэй шагнал нь сурагчдын мэдлэгийг олон улсын нэгдсэн стандартаар шударга, бодитой үнэлдгээрээ онцлогтой.
Байгалийн ухаан ба математикийн төрөлд улсдаа тэргүүллээ Энэ жилийн шалгалтаар BSU-ийн хоёр сурагч олон улсын ахлах түвшин буюу International A Level-ийн математик болон физикийн хичээлээр тус тус Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр оноог авч, нэр хүндтэй “Top in Mongolia” шагналыг хүртжээ. Энэ нь Монгол сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээ, аналитик чадвар олон улсын өндөр шалгуурыг төвөггүй давж буйн тод илрэл юм.
Гадаад хэлний мэдлэгээрээ онцгойров Зөвхөн байгалийн ухаанаар зогсохгүй гадаад хэлний чиглэлээр ч тус сургуулийн сурагчид өндөр амжилт гаргасан байна. Тодруулбал, IGCSE түвшинд франц хэл болон англи хэлийг нэмэлт хэлээр судалсан сурагчид, мөн International AS Level түвшинд хятад хэлний шалгалт өгсөн сурагч тус бүр онцгой амжилтын төлөөх “High Achievement” шагналын эзэд болжээ. Байгалийн ухаан, математикаас эхлээд дэлхийн голлох хэлнүүдээр ийнхүү олон улсын хэд хэдэн түвшинд зэрэг амжилт үзүүлсэн нь тус сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанар, багш нарын ур чадвар болон сурагчдын олон талт хөгжлийн үр дүнг бодитоор баталж байна. Дотоодын үнэлгээнээс хальж, дэлхийн хэмжээний нэгдсэн шалгуураар баталгаажсан энэхүү амжилт нь тэдний цаашид дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцах үүд хаалгыг улам бүр нээж буй хэрэг юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





