Б.Жаргалан: Төр заавал мах нөөцлөх албагүй, иргэдэд "идэшний зээл" олгож болно
УИХ-ын гишүүн Б.Жаргалан төр жил бүр мах нөөцлөх шаардлагагүй ба арилжааны банкуудаар дамжуулан “идэшний зээл” олговол айл өрхүүд намрын хямд үед махаа өөрсдөө бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын инфляц наймдугаар сард 12.5 хувьд хүрсэн бөгөөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт нийт инфляцын бараг тал хувийг бүрдүүлжээ. Махны үнэ өндөр хэвээр байгаа үед нөөцийн махыг төрөөс санхүүжүүлэх одоогийн тогтолцоог үргэлжлүүлэх үү, эсвэл өрхүүдэд худалдан авалтаа улирлын хямд үед хийх санхүүгийн боломж бүрдүүлэх үү гэсэн асуудал анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан махны улирлын үнийн өсөлтийг бууруулахын тулд төр жил бүр нөөцийн мах бэлтгэхээс илүүтэй арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд “идэшний зээл” олгох боломжийг бүрдүүлэх санал гаргалаа.
Түүний тайлбарласнаар айл өрхүүд намар махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ харьцангуй хямд байх үед өвөл, хаврын хэрэглээгээ урьдчилан бэлтгэх санхүүгийн боломжтой болох нь нэг хувилбар юм. Ингэснээр гишүүний хувьд махыг заавал төр өөрөө худалдан авч, хадгалж, дараа нь зах зээлд нийлүүлэх шаардлагагүй гэж үзэж буй.
Төрийн нөөцийн махны бодлого энэ онд дахин анхаарлын төвд орсон. Засгийн газар тавдугаар сард махны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч, тухайн үед борлуулагдаагүй байсан 1,400 тонн нөөцийн махыг зах зээлд нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Нөөцийн махыг килограмм тутамд 13,000 -15,000 төгрөгийн гэрээт үнээр худалдаалж, борлуулалтын хугацааг долоодугаар сарын 1 хүртэл сунгасан юм.
Махны үнэ инфляцын гол асуудлын нэг хэвээр байна
Махны үнэ айл өрхийн хүнсний зардал төдийгүй улсын инфляцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсээр байна.
Үндэсний статистикийн хорооны наймдугаар сарын дүнгээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн байна. Үүний 5.8 нэгж хувь буюу 46.9 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хүнсний бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 21.5 хувиар нэмэгдсэн байна.
Махны үнийн өсөлт оны эхнээс инфляцын гол хүчин зүйлсийн нэг байв. Монголбанкны гуравдугаар сарын Мөнгөний бодлогын тайланд мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 19.2 хувиар өсч, тухайн үеийн инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүлснийг онцолж байлаа. Мөн хавар махны үнэ улам эрчимтэй өсч, тавдугаар сард Засгийн газар өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар нэмэгдсэнийг мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан ч урьд өмнө махны өндөр үнийг иргэдийн амьжиргааны зардалтай холбон шүүмжилж байсан. Тэрбээр наймдугаар сард Монгол Улс экспортын орлого өндөр байгаа атлаа иргэд махаа худалдан авахад хүндрэлтэй болсон гэж мэдэгдсэн юм.
Нөөцийн мах уу, идэшний санхүүжилт үү?
Нөөцийн махны тогтолцооны үндсэн зорилго нь махны нийлүүлэлт улирлын шалтгаанаар багасдаг хаврын саруудад зах зээлд нэмэлт бүтээгдэхүүн гаргаж, үнийн огцом өсөлтийг хязгаарлахад чиглэдэг. Гэвч энэ онд дөрөвдүгээр сараас нөөцийн махны нийлүүлэлт багасч, махны үнэ нэмэгдсэнээр Засгийн газар тавдугаар сард нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай болсон.
Харин гишүүний хувьд үүнээс өөр саналыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл төр мах худалдан авч агуулах, хадгалалт болон борлуулалтыг зохион байгуулахын оронд өрхүүд өөрсдөө намрын идэшний үеэр хэрэглээгээ урьдчилан бэлтгэхэд санхүүгийн бүтээгдэхүүнээр дэмжих хувилбар юм.
Гэхдээ “идэшний зээл” нь өрхийн мах худалдан авах боломжийг нэмэгдүүлэх нэг хувилбар болохоос махны үнийг өөрөө бууруулах механизм биш гэдгийг шинжээчид онцолж байна. Тодруулбал, зээлийн хүү, хугацаа, өрхийн өрийн ачаалал болон махны нийлүүлэлт зэрэг нөхцөлөөс бодит үр нөлөө нь хамаарах юм.
Монголбанк наймдугаар сард мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр хүнсний инфляц саарах боломжтой гэж тооцсон ч шатахууны нийлүүлэлт болон гадаад үнийн өсөлт инфляцыг дахин нэмэгдүүлэх эрсдэл хэвээр байгааг анхааруулсан. Төв банк инфляцын эрсдэлийг хязгаарлахын тулд наймдугаар сарын 12-нд бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөж, 12.5 хувьд хүргэсэн.
Ийнхүү махны нийлүүлэлт улирлын хувьд нэмэгддэг намрын улирал эхэлж буй үед төр өөрөө нөөц бүрдүүлэх одоогийн тогтолцоог үргэлжлүүлэх үү, эсвэл өрхүүдэд идшээ урьдчилан бэлтгэх санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх үү гэсэн асуудал махны үнэ, инфляц болон амьжиргааны өртгийн хэлэлцүүлгийн нэг хэсэг болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





