Дүүжин тээврийн туршилт амжилттай болбол арванхоёрдугаар сард зорчигч тээвэрлэж эхэлнэ
Монгол Улсад анх удаа нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх дүүжин тээврийн системийн барилгын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 98 кабинтай систем цагт 2,320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хоёр буудлын хооронд 10-12 минут зорчино. Үндсэн системийн туршилтыг есдүгээр сард хийхээр төлөвлөсөн бөгөөд туршилтууд амжилттай дуусвал арванхоёрдугаар сараас зорчигч тээвэрлэж эхлэх хүлээлттэй байна.

Монгол Улсад хотын нийтийн тээврийн шинэ төрөл болох дүүжин тээврийн системийг нэвтрүүлэх бүтээн байгуулалт 80 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Олон жилийн турш яригдсан уг төслийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сард албан ёсоор эхэлсэн бөгөөд туршилтууд төлөвлөгөөний дагуу дуусвал энэ оны арванхоёрдугаар сараас зорчигч тээвэрлэж эхлэхээр тооцжээ.
Дүүжин тээврийн шугамд нийт 98 кабин ашиглана. Кабинууд бүгд Монгол Улсад ирсэн бөгөөд одоогоор депод хадгалагдаж байна. Нэг кабин 10 зорчигчийн багтаамжтай, хамгийн ихдээ 750 килограмм ачаалал даах боломжтой.
Систем секундэд зургаан метрийн хурдтай ажиллах бөгөөд хоёр буудлын хооронд зорчих хугацаа 10-12 минут байна. Төлөвлөсөн хүчин чадлаар цагт 2,320 зорчигч тээвэрлэх боломжтой.
Цахилгаан хангамж ба аюулгүй ажиллагаа
Дүүжин тээвэр бүрэн цахилгаанаар ажиллахтай холбоотойгоор эрчим хүчний хангамж хүрэлцэх эсэх нь олон нийтийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Төслийн албаныхны мэдээлснээр систем 100 хувь цахилгаанаар ажиллах бөгөөд үндсэн болон нөөц гэсэн хоёр эх үүсвэрээс эрчим хүчээр хангагдана.
Мөн хоёр буудалд системийн ажиллагааг хянах олон төрлийн аюулгүй байдлын мэдрэгч суурилуулах аж. Тоног төхөөрөмжийн гэмтэл болон байгалийн гамшиг зэрэг онцгой нөхцөл үүсэхэд хэрэгжүүлэх арга хэмжээг урьдчилан боловсруулсан бөгөөд шаардлагатай үед кабины хөдөлгөөний хурдыг бууруулах боломжтой.
Төслийн гүйцэтгэгчээр дэлхийн 90 гаруй улсад 800-аас дээш ижил төрлийн төсөл хэрэгжүүлсэн Францын дүүжин тээврийн систем үйлдвэрлэгч “POMA Group” ажиллаж байна.
Францын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна
Дүүжин тээврийн төслийг Францын Засгийн газрын өндөр хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 40 жил, хүү нь 0.0076 хувь байна.
Систем ашиглалтад орсноос хойших эхний гурван жилийн хугацаанд Францын тал шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн техникийн гэмтэл гарсан тохиолдолд засвар, үйлчилгээний ажлыг хариуцах юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





