Эль-Эриан: Засгийн газрын бондын өгөөж цаашид тогтвортой өсөх төлөвтэй байна
Нэрт эдийн засагч Мохамед Эль-Эриан дэлхийн Засгийн газрын бондын хямдрал үргэлжилж, ялангуяа АНУ-ын бондын өгөөж өсөх эрсдэл хэвээр байгааг анхаарууллаа. Засгийн газрууд болон компаниудын өрийн шинэ нийлүүлэлт нэмэгдэж буй ч АНУ-ын бондыг уламжлал ёсоор худалдан авдаг хөрөнгө оруулагчдын эрэлт суларч байгаа нь өгөөжийн өсөлтийн гол шалтгаан гэж тэр үзэж байна. Их Британи, Япон, Францыг өрийн зах зээлийн өөрчлөлтөд хамгийн эмзэг Их 7 бүлгийн орнуудаар нэрлэсэн бөгөөд Франц Евро бүсийн бондын зах зээлийн шинэ анхаарлын төв болжээ.

Дэлхийн томоохон улс орнуудын Засгийн газрын бондын өгөөж цаашид тогтвортой өсөх төлөвтэй байгааг Пенсильванийн их сургуулийн Уортон сургуулийн профессор, “Allianz”-ийн эдийн засгийн ахлах зөвлөх Мохамед Эль-Эриан CNBC-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
Тэрбээр Италийн Черноббио хотноо болсон Амбросетти форумын үеэр АНУ төсвийн алдагдлаа ойрын хугацаанд мэдэгдэхүйц түвшинд бууруулах "шинжгүй" байгаа тул Засгийн газрын бондын өгөөж цаашид өснө хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Дэлхийн томоохон эдийн засгуудын Засгийн газрын бондын өгөөж энэ долоо хоногт олон арван жилийн дээд түвшинд хүрсэн. Инфляц болон бодлогын хүүтэй холбоотой болгоомжлол уг хөдөлгөөнд голлон нөлөөлсөн ч Эль-Эрианы үзэж буйгаар суурь асуудал нь өрийн нийлүүлэлт болон тогтвортой худалдан авагчдын эрэлтийн зөрүү болж байна.
Баасан гарагийн өглөө бондын ханшийн уналт саарч, хөгжингүй орнуудын Засгийн газрын ихэнх бондын өгөөж төдийлөн өөрчлөгдөөгүй бол АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж хугацааны ангиллуудаар ялимгүй буурчээ. Бондын ханш болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.
Уламжлалт худалдан авагчдын эрэлт суларч байна
Эль-Эриан зах зээлийн хөдөлгөөнд доголдол ажиглагдаагүй ч АНУ-ын Засгийн газрын бондыг тогтмол худалдан авч, эзэмшдэг хөрөнгө оруулагчдын эрэлт өөрчлөгдөж байгааг онцоллоо.
Түүний тайлбарласнаар Хятад улс геополитикийн шалтгаанаар өмнөх шигээ идэвхтэй худалдан авах сонирхолгүй болсон бол Япон болон Персийн булангийн орнууд дотоодын асуудлуудтай тулгарч байна. Үүний зэрэгцээ Норвегийн баялгийн сан мөн адил АНУ-ын Засгийн газрын бонд дахь хөрөнгийн хуваарилалтаа дахин авч үзэж буйг тэрбээр дурджээ.
Засгийн газруудын өрийн шинэ гаргалтаас гадна томоохон технологийн компаниуд болон бусад корпорацын бондын нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэж байгаа нь тогтвортой худалдан авагчдын эрэлтээс давж байгааг шинжээч тайлбарлав.
Эль-Эрианы үзэж буйгаар бондын өгөөж өсч буйг зөвхөн инфляц эсвэл АНУ-ын Холбооны Нөөцийн банканд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлтэй холбон тайлбарлах нь хангалтгүй байгаа юм. Харин зах зээлд нийлүүлэгдэж буй өрийн хэмжээ болон түүнийг тогтвортой шингээх хөрөнгө хоорондын зөрүү илүү чухал хүчин зүйл болжээ.
Их Британи, Япон, Франц илүү эмзэг
Үүний зэрэгцээ Эль-Эриан "Их 7" бүлгийн орнуудаас Их Британи, Япон, Франц Засгийн газрын өрийн зах зээлийн эрсдэлд илүү өртөмтгий байгааг онцолж байна.
Тэрбээр Их Британийг АНУ-ын бодлогын хүүгийн хөдөлгөөнд "өндөр мэдрэг зах зээл" гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын бондын өгөөж бага хэмжээгээр өөрчлөгдөхөд Их Британийн зах зээлд түүнээс илүү хүчтэй хөдөлгөөн гарах хандлагатай байдаг аж.
Европын бондын зах зээлд ч нөхцөл байдал харьцангуй өөрчлөгдөж байна. Өмнө нь Евро бүсийн өрийн эрсдэлийн талаар ярихад Итали голлон дурдагддаг байсан бол одоо Франц хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд оржээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





