Энэтхэгт авокадогийн эрэлт огцом өссөн нь тариаланчдад шинэ боломж болж байна
Энэтхэгт авокадогийн хэрэглээ эрчимжиж, өмнө нь төдийлөн танил бус байсан жимс ресторан, жижиглэнгийн худалдаанд тогтмол эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Тус улс жилд 15,000 орчим тонн авокадо импортолдог бол дотоодын үйлдвэрлэл 8,000-9,000 тонн орчим байгаа нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Дотоодын тариаланчдын хувьд үйлдвэрлэлийн хэмжээг өсгөхөөс гадна импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц жигд чанар, стандарт сорт бий болгох нь гол сорилт болжээ.

Энэтхэгт авокадогийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимжиж, тариаланчид уламжлалт ургацынхаа хажуугаар уг жимсийг арилжааны зориулалтаар тариалах сонирхол нэмэгдэж байна. Гэвч эрэлт өсөхийн хэрээр дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ бус, жигд чанар болон найдвартай нийлүүлэлт зах зээлийн гол шалгуур болж эхэлжээ.
Авокадо тариалдаг “Cottanad Plantations” компанийн Сунил Бопайягийн хэлснээр 15 жилийн өмнө Энэтхэгт уг жимсний зах зээл бараг байгаагүй аж. Харин 2011 оны орчим Болливудын жүжигчин Шилпа Шетти авокадог арьс арчилгаандаа хэрэглэдэг тухай ярьсны дараа хэрэглэгчдийн сонирхол огцом нэмэгдсэн гэж тэрбээр дурсав. Тухайн үед авокадогийн үнэ богино хугацаанд хоёр дахин өсч, цааш үргэлжлэн нэмэгдсэн байна.
Анх кофены тариалангийн сүүдрэвч болгон авокадо тарьж байсан “Cottanad Plantations” боломжийг ашиглаж, тариалалтын талбайгаа 40 акр болгон өргөжүүлжээ. Тус компани өнгөрсөн жил 10–15 тонн ургац хураасан бол 3–4 жилийн дараа жилд 40–50 тонн авокадо зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй.
Үүний зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж ч байгаа юм. Манилал Паллиятийн мэдээлснээр Энэтхэг жилд 15,000 орчим тонн авокадо импортолдог бол дотооддоо 8,000-9,000 мянган тонн үйлдвэрлэдэг. Гэхдээ тариалалтын талбайг нэмэгдүүлэх нь дангаараа импортын хамаарлыг бууруулахад хангалтгүй байна.
Ресторанууд жигд чанарыг чухалчилж байна
Энэтхэгийн ресторан, зочлох үйлчилгээний “Hunger Inc. Hospitality” компанийн гүйцэтгэх тогооч Хуссайн Шахзадын хэлснээр дотоодод тариалсан авокадогийн чанар сайжирч байгаа ч улирал болон бүс нутгаас шалтгаалан амт, хэмжээ, олдоц нь харилцан адилгүй хэвээр байна.
Импортын авокадо амт, бүтэц, хэмжээ болон боловсрох хугацааны хувьд илүү жигд байдаг тул ресторануудын хэрэгцээнд одоогоор илүү нийцэж буйг тэр тайлбарлав. Иймээс Энэтхэгийн тариаланчид үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний чанарыг тогтмолжуулах шаардлагатай болж байна.
Авокадогийн үндэс өвчинд эмзэг тул тариалалтын технологи ч чухал. Бопайягийн хэлснээр “Cottanad Plantations” Өмнөд Африкийн мэргэжилтнүүдээс туршлага судалсны дараа өндөрлөсөн мандал ашиглах, мод хоорондын зайг нэмэгдүүлэх зэрэг аргыг нэвтрүүлжээ.
Стандарт сорт зах зээлийн дараагийн сорилт
Суулгацын чанарыг сайжруулах чиглэлээр ч шинэ бизнесүүд бий болж байна. Харшит Годха 2021 онд Израильд авокадо тариалалтын сургалтад хамрагдсаны дараа Бхопал хотод “Indo-Israel Avocado Nursery” үржүүлгийн газар байгуулжээ. Тус үржүүлгийн газар сүүлийн таван жилд 18 мянга орчим суулгац нийлүүлсэн байна.
Энэтхэгийн Цэцэрлэгжүүлэлтийн судалгааны хүрээлэн буюу “IIHR”-ийн ахлах эрдэмтэн, доктор Ганешан Карунакараны тайлбарласнаар Энэтхэгийн гэрийн хашаанд ургадаг авокадогийн моднууд генетикийн хувьд харилцан адилгүй байдаг тул зах зээлд хэмжээ, чанар нь зөрүүтэй жимс нийлүүлэгддэг. Арилжааны тогтвортой зах зээл бий болгохын тулд стандарт сорт, гарал үүсэл нь тодорхой, жигд чанартай суулгац шаардлагатай гэж тэр үзэж байна.
Авокадо нь тариаланчдаас урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг. Гарал үүсэл тодорхойгүй эсвэл өвчилсөн суулгац тарьсан тохиолдолд мод 5–7 жилийн дараа үхэж, тухайн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт алдагдах эрсдэлтэйг Карунакаран анхааруулжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





