Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

Монгол Улсын баруун бүсийн импортын цахилгаанаас хамаарах хамаарлыг бууруулах Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилж байна. 90 МВт-ын хүчин чадалтай станцыг 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Баруун бүс жилд 160 сая кВт.цаг цахилгаан хэрэглэдэг бөгөөд үүний 40 орчим хувийг Дөргөний усан цахилгаан станц үйлдвэрлэж, үлдсэн хэрэгцээг ОХУ болон БНХАУ-аас импортолж байна.
Харин Эрдэнэбүрэний станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн үйлдвэрлэл нь бүсийн одоогийн жилийн хэрэглээнээс 2.25 дахин өндөр бөгөөд баруун бүсийг бүрэн хангаад зогсохгүй төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх боломж бүрдэхээр байна.
Төслийн менежерийн танилцуулснаар8 станцын жилийн үйлдвэрлэл ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэглээтэй дүйцнэ. Мөн нүүрсний хэрэглээг жилд 110 мянган тонноор, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 300 мянга орчим тонноор бууруулах тооцоотой.
Бүтээн байгуулалтын хүрээнд ус дамжуулах 385 метр туннелийг барьж дуусгасан бөгөөд станцын суурь болон дөрвөн генераторын эхний шатны бетон цутгалтын ажил дуусчээ. Нэг болон хоёрдугаар генераторын дараагийн шатны бетон цутгалт үргэлжилж байна.
Төслийн хүрээнд 11 тэрбум шоо метр багтаамжтай усан сан, далан байгуулж, 24 км урт, дөрвөн км өргөн нуур бий болгохоор төлөвлөжээ. Станц ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ усалгаатай газар тариалан, аялал жуулчлал хөгжүүлэх боломж нэмэгдэхээр байгааг төслийн баг мэдээлэв.
Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын эрчим хүч, дэд бүтцийн “Пауэр Чайна” компани ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ төслийн явцтай танилцаж, бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд дуусгахыг оролцогч талуудад үүрэг болгожээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





