Финланд “Google”-ийн өгөгдлийн хоёр төвийн газар шорооны ажлыг зогсоохыг шаардлаа
Финландын зохицуулагч байгууллага “Google”-ийн Мухос, Кажаани дахь дата төвүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ дуусах хүртэл газар шорооны зарим ажлыг түдгэлзүүлэхийг шаарджээ.

Финландын Лиценз, хяналтын агентлаг тус улсын Мухос, Кажаани хотод өгөгдлийн төв байгуулахаар төлөвлөж буй “Tuike Finland Oy” компанид байгаль орчны нөлөөллийн үнэлгээ дуусах хүртэл талбайн зарим ажлыг зогсоох мэдэгдэл хүргүүлжээ. Тус байгууллага нь АНУ-ын технологийн “Google” компанийн охин компани юм.
Аравдугаар сарын 23-наас оройтохгүй түдгэлзүүлэх ёстой ажлын жагсаалтад мод тайрах, хөрс хуулалт, газар ухах, олборлох, хөрс шилжүүлэх, шуудуу татах, зам болон агуулах талбай байгуулах зэрэг ажил багтжээ.
Харин төлөвлөлт, хэмжилт, хөрсний судалгаа зэрэг байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай, нөхөн сэргээх боломжтой ажиллагааг зөвшөөрсөн байна.
Зохицуулагч байгууллагын шинжээч Томми Муилу “CNBC”-д дээр дурдсан ажлууд хүрээлэн буй орчныг өөрчилж, сөрөг нөлөө үүсгэх тул тэдгээрийг тодорхойлж, үнэлэх нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний гол зорилгын нэг гэдгийг онцолжээ.
“Google” тус байгууллагын болгоомжлолыг ойлгож байгаагаа илэрхийлээд, өөрийн тогтоосон өндөр стандартаас охин компанийн үйл ажиллагаа хоцорсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн бүс нутагт урт хугацааны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ газрын тохижилт, биологийн олон янз байдлыг хамгаалах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж буйгаа мэдэгдсэн байна. Уг төлөвлөгөөнд Мухост 130 га талбайд мод тарих ажил багтсан байна.
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үнэлгээний хугацаа чухал
“Google” Финландад 2028 он хүртэл дата төв, эрчим хүч болон дэмжих төслүүдэд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр өмнө нь зарласан. Уг дүн нь зөвхөн Мухос, Кажаани дахь хоёр дата төвийн төсөв биш, Финланд дахь өргөн хүрээний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө юм.
Одоогийн шаардлагаар бүх үйл ажиллагааг зогсоохгүй боловч барилгын талбайн зарим ажлыг үргэлжлүүлэх хугацаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээнээс хамаарахаар боллоо. Хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэлж буй үед дата төвийн бүтээн байгуулалтыг байгаль орчны үнэлгээ, зөвшөөрлийн явцтай уялдуулах шаардлагыг Финландын шийдвэр тодотгож байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





